Лхагва гарагт Афганистан дахь “Талибан” хөдөлгөөний удирдлагууд эмэгтэйчүүдийг НҮБ-д ажиллахыг хориглох шийдвэр гаргасан байна. Өнгөрсөн оны 12-р сард “Талибан”-ы дэглэм эмэгтэйчүүдийг Олон улсын хүний эрхийн байгууллагуудад ажиллах, оролцохыг хориглох шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Афганистанд үйл ажиллагаа явуулдаг дийлэнх олон улсын төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоосон байна.
Тэгвэл НҮБ-ын тэргүүн Антонио Гутирреш эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн шийдвэрийг эрс зэмлэн буруутгажээ. Тэрбээр эмэгтэйчүүд НҮБ-ын тусламжийн үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог хязгаарласнаар Афганистан дахь өлсгөлөн, ядууралд нэрвэгдсэн олон сая хүмүүст сөргөөр нөлөөлнө гэдгийг мэдэгдэлдээ онцолжээ.
2021 онд Афганистаны Засгийн эрхийг гартаа оруулсан “Талибанчууд” эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн, эрх чөлөөг нь хязгаарласан олон шийдвэр гаргаж байгаа юм. Тухайлбал охид, эмэгтэйчүүдийн сурч боловсрох эрхийг эрхийг хязгаарлаад зогсохгүй олон нийтийн газраар буюу гудамж талбайд зорчихдоо заавал эрэгтэй хүнтэй дагалдаж явах шаардлагатай байна. Мөн эмэгтэйчүүд бялдаржуулах клуб, кино үзвэрийн газар, цэцэрлэгт хүрээлэнд хүртэл нэвтрэх эрхгүй болсон байна. Үүнээс гадна эмэгтэйчүүд телевиз, радио, үйлчилгээний байгууллагад ажиллах эрхгүй болсныг өнгөрсөн онд мэдэгдсэн юм. Өмнө нь талибаны дэглэм эмэгтэйчүүдийн төрийн бүх шатны байгууллага, шүүх засаглалын үйл ажиллагаанд оролцох эрхийг түдгэлзүүлсэн байна.