Өнгөрөгч пүрэв гарагт Японы баруун өмнөд нутгийн Окинава мужид тус улсын 10 гаруй цэргийн алба хаагчдыг тээвэрлэж явсан нисдэг тэрэг осолдсон байна. Харин ослын дараа Японы Засгийн газар амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайх шуурхай ажиллагаа эхлүүлснээ мэдэгджээ.
Одоогийн байдлаар Японы эргийн хамгаалалтын албаны ажилтнууд 50 гаруй хөлөг онгоцоор аврах ажиллагаа гүйцэтгэж байна. Мөн Японы өөрийгөө хамгаалах агаарын хүчин 30 орчим нисдэг тэргийг дайчлан ослоос амьд үлдсэн байх магадлалтай хүмүүсийг эрэн хайж байгаа талаар Японы дотоодын хэвлэлүүд мэдээлж байна.
Орон нутгийн цагаар пүрэв гаргийн оройны 22 цаг орчим “Black Hawk” хэмээн нэрлэдэг цэргийн зориулалттай нисдэг тэрэг нь Окинава арал дахь хуурай замын цэргийн хүчний баазаас хөөрсөн байна. Харин удалгүй нисдэг тэрэг радарын зурвасаас алга болсон төдийгүй богино холбоо тасарсан гэж холбогдох албанаас мэдээлжээ.
Аврагчид Окинавагаас 170 км зайд орших далайн усны гадарга дээрээс осолдсон нисдэг тэрэгний үлдэгдлийг олсноо мэдээлсэн байна.
Харин Японы эрх баригчид ослын шалтгааныг одоогоор тодруулж чадаагүй байгаа талаараа мэдээлжээ. Шинжээчид зүүн Хятадын тэнгисээс Номхон далай руу зорчиж явсан Хятад улсын тэнгисийн цэргийн хөлөг онгоцнууд Японы нисдэг тэргийг сөнөөсөн байж болзошгүй гэж үзэж байна.