Өнгөрөгч лхагва гарагт Финланд улс албан ёсоор НАТО-ын 31 дэх гишүүн улс болж, гишүүнчлэлийн үнэмлэхээ гардан авсан юм. Тэгвэл үүнтэй холбогдуулан Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков НАТО-ын аюул заналхийлэл ОХУ-ын газар нутагт улам бүр дөхөж ирсэн. Иймд Москва өөрийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд Беларусьт цөмийн зэвсгээ байршуулснаа цохон тэмдэглэжээ.
Харин өнгөрөгч лхагва гарагт Умард Атлантын Гэрээний байгууллага буюу НАТО-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “ОХУ-ын цөмийн зэвсгээ Беларусьт шилжүүлсэн алхам нь улс орнууд өөрсдийн хилийн гадна цөмийн зэвсгийг байрлуулах ёсгүй гэсэн ОУ-ын аюулгүй байдлын гэрээ хэлэлцээрийг ноцтой зөрчсөн үйлдэл” гэдгийг анхааруулаад байсан юм.
Түүнчлэн пүрэв гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Беларусийн Төрийн Тэргүүн Александр Лукашенког Кремлийн ордонд хүлээн авч уулзсан төдийгүй цөмийн зэвсгийг нүүлгэн шилжүүлэх асуудлаар зөвшилцөлд хүрснээ мэдэгджээ. Тухайлбал энэ оны 7-р сар хүртэл ОХУ-ын тактикийн цөмийн зэвсгийг Беларусь руу тээвэрлэнэ. Харин мөн хугацаанд уг зэвсгийг хадгалах, агуулах барилга, байгууламжийн бүтээн босголтыг хийж гүйцэтгэхээр болсноо хоёр улсын удирдагч нар цохон тэмдэглэжээ.
Ийнхүү ЗХУ задран унаснаас хойш ОХУ-ын цөмийн зэвсгийн тодорхой хэсгийг анх удаа хилийн чанадад байршуулахаар болсныг хэвлэлүүд онцолж байна.
Үүнээс гадна пүрэв гарагт Украинд үүрэг гүйцэтгэж байгаа ОХУ-ын хөлсний гэрээт цэргийн Вагнер группийн тэргүүн Евгений Пригожин ээлжит мэдэгдлээ хийжээ. Тэрээр Украины армийн алба хаагчид дайны голомт болоод байгаа Бахмут хотыг хяналтдаа оруулахаар сөрөг давшиж эхэлснийг ОХУ-ын эрх баригчдад анхааруулжээ. Түүнчлэн Евгений Пригожин хүн хүчний болон зэр зэвсгийн дэмжлэгээ нэмэгдүүлэхгүй бол өдийг хүртэл байгуулсан багахан ололт амжилтаа үгүй хийхэд ойрхон байгааг цохон тэмдэглэжээ.
Өрнөдийн улсуудаас илгээсэн зэр зэвсэг, тэр дундаа танк, хүнд зэвсгүүдийг Украины арми энэ хавраас эхлэн дайны талбарт ашиглаж, газар нутгаа чөлөөлөхөөр бэлтгэж эхэлснийг хэвлэлүүд мэдээлж байна.