Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв баяр, ёслолын өдрүүд болон долоо хоногийн баасан гарагт өндөр ачаалалтай байдаг байна. Зарим өдрүүдэд яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлэгсдийн тоо нэг мянгад хүрдэг юм байна. Өөрөөр хэлбэл нэг эмч шөнийн ээлжид гарахдаа 100 орчим хүнд анхны тусламж, үйлчилгээг үзүүлдэг. Харин зарим үйлчлүүлэгчид эмч нартай зүй бусаар харьцах, гутаан доромжилдог нь эмч нарын ажилд хүндрэл учруулдаг талаар хэлж байна
ГССҮТ-ийн ЯТТ-аар үйлчлүүлэх иргэдийн 50-60 хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бэртэж гэмтсэн байдаг. Тэдгээр иргэдийн дийлэнх нь эмч эмнэлгийн ажиллагсадтай зүй бусаар харьцан, гутаан доромжлох үйлдэл буурахгүй байна.
Яаралтай тусламжийн тасагт ирсэн үйлчлүүлэгчдийг гэмтлийн зэргээр нь ангилдаг. Хөнгөн гэмтсэн байвал тодорхой хугацаанд хүлээх шаардлага үүсдэг. Өөрөөр хэлбэл хүнд гэмтлүүдэд түрүүлэн арга хэмжээ авдаг байна.
Мөн үйлчлүүлэгсдийн зүгээс эмчтэй зүй бусаар хандах, эмнэлгийн ачааллыг бодолцож үзэлгүйгээр шууд бичлэг хийх, түүнийгээ олон нийтийн сүлжээнд нийтлэх зэрэг үйлдлүүд гарч улмаар ажлаа хэвийн явуулахад нь хүндрэл учруулдаг байна.
Эмч нарын ажлын ачаалал өндөр байдаг. Иймд иргэд эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхдээ нөхцөл байдлыг бодолцон үзэж соёлтой үйлчлүүлэхийг ГССҮТ-ийн эмч нар хэлж байсан юм.