Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 12 аж ахуйн нэгж 8000 орчим тонн нөөцийн мах бэлтгэжээ. Нөөцийн махыг зах зээлийн ханшаас 2000-3000 төгрөгөөр хямдаар борлуулж байгаа ч мах чанаргүй, олдоц муу, яс ихтэй байна гэлээ.
Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-аас есөн дүүргийн 431 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 50 сүлжээ дэлгүүрийг нэмж, өнөөдрийн байдлаар 481 цэгээр борлуулж байгаа юм. Харин иргэдийн зүгээс нөөцийн махны үнэ нэмэгдсэн мөн амт чанар муу , олдоц багатай байгааг хэлж байна.
Нийслэлийн хэмжээнд махны нөөц хангалттай байгааг салбарын сайд мэдэгдсэн юм. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нөөцийн махыг иргэдэд хүртээмжтэй олгохоор ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын найман есөнд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг Нийслэлийн 21 байршилд зохион байгуулахаар болсон байна.
Мөн худалдаа эрхлэгчид хэлэхдээ мах бэлтгэж байгаа аж ахуйн нэгжээс хамааран махны чанар нийлүүлэлт өөр байгаа талаар хэлж байсан юм. Нийслэлийн хэмжээнд 12 нэр бүхий аж ахуй нэгж нөөцийн махны нядалгаа, үзлэг, хөлдөөлт, савлагаа зэрэг бүх үйл явцад технологийн шаардлагыг ханган бэлтгэдэг байна. Мөн борлуулалтын хугацаанд салбар яам болон мал эмнэлгийн газар зэрэг байгууллагууд хамтран махны чанарт хяналт тавин ажилладаг гэсэн юм.