Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Тайванийг тойрсон асуудалд байр сууриа илэрхийлжээ

Өнгөрөгч ням гарагт Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Тайванийн хямралтай холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр Европын холбооны улс орнууд Тайванийг тойрсон асуудалд Вашингтон, Бээжин хоёроос хараат бус бодлого, стратеги баримтлах ёстой төдийгүй бүс нутгийн хямралыг гүнзгийрүүлэх сонирхолгүй гэдгийг онцлон дурдсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон БНХАУ-д гурван өдрийн төрийн айлчлал хийсэн бөгөөд түүнийг эх орон руугаа буцсаны дараа Ши Жиньпин Тайванийн эргэн тойронд өргөн хүрээний цэргийн бэлтгэл сургуулилалт явуулах шийдвэр гаргасан байна.

Хятадын эрх баригчид ардчилсан засаглалтай Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг гэж үздэг бөгөөд тус бүс нутгийг өөрийн мэдэлд оруулахын тулд хүч хэрэглэхийг үгүйсгэдэггүй юм. Харин Тайванийн засаг захиргаа Хятадын уг бодлогыг эрс эсэргүүцсээр өнөөг хүрсэн юм.

Тэгвэл “Эммануэль Макрон Хятад улсад хийсэн айлчлалынхаа үеэр Европын холбоо Тайванийн хямралыг хурцатгах ёсгүй. Мөн Хятад, Америкийн үзэл баримтлалыг дагах бус гуравдагч талын байр сууриа бэхжүүлэхэд цаг зарцуулах ёстой гэдгээ Ши Жиньпинд ойлгуулсан” гэж ням гарагт Елиссейн ордноос мэдэгджээ.

Түүнчлэн Макрон Европын холбоо нэн тэргүүнд Батлан хамгаалах салбарын санхүүжилтээ нэмэгдүүлж, цөмийн болон сэргээгдэх эрчим хүчээ хөгжүүлэх шаардлагатай байгааг уламжилжээ. Мөн тэрбээр Европчууд эдийн засгийн хувьд АНУ-аас хэт хамааралтай байдлаа хязгаарлахын тулд америк.долларын хараат байдлаа багасгах ёстой гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.