Арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо зээлдэгчээс зээлийн үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэл авдаг. Тэгвэл ШӨХТГ-аас үүнийг хууль болоод зээлдэгчийн эрх ашгийг илт зөрчсөн, ямар ч үндэслэлгүй шимтгэл гэж үзэн торгууль ногдуулсныг арилжааны банкууд эсэргүүцэж шүүхэд хандсан байна. Тэгвэл өчигдөр уг асуудлаарх шүүх хурал Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас арилжааны есөн банканд ипотекийн зээл авч байгаа зээлдэгчээс нэг хувийн шимтгэл авч байгаа нь хууль бус гэж үзэн зөрчил арилгах албан шаардлага хүргүүлж, тус бүрд нь 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Харин арилжааны банкууд уг асуудлыг үндэслэлгүй гэж үзэн шүүхэд гомдол гаргасан байна. Өмнө нь энэ асуудлыг иргэний гомдлын дагуу иргэний хэргийн 3 шатны шүүхээр хэлэлцэж, гомдол гаргагч иргэнд 1 хувийн шимтгэлийг буцаан олгох шийдвэр гарч байсан юм. Тэгвэл энэ удаа ШӨТХГ-ын шийдвэрийн эсрэг арилжааны банкуудын гомдлыг захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэж байгаа нь энэ юм.
Хэрэв шүүхээс арилжааны банкуудыг хууль зөрчсөн гэж үзвэл ШӨХТГ-аас тавьсан торгууль болох 20 сая төгрөгийн торгуулийг барагдуулахаас гадна өмнөх 10 жилийн хугацаанд ипотекийн зээл авсан иргэдэд нэг хувийн шимтгэлийг нь буцаан өгөх ёстой болох юм. Өчигдөр буюу энэ сарын 10-ны байдлаар 17 цагийн байдлаар нийт 13 хавтаст хэргээс дөнгөж 7 дахь хавтас хэрэгтэй танилцаж байгаа тул тодорхой шийдвэр хараахан гараагүй шүүх хурал үргэлжилж байна.