Одоогийн байдлаар нүүрсний цахим арилжаагаар 825.600 тонн нүүрсийг 458 тэрбум гаруй төгрөгөөр арилжаалжээ

Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсийг цахимаар ил тод, нээлттэй худалдаалж эхэлснээр нүүрсийг хил нөхцөлөөр худалдаалах боломж бүрдсэн. Тэгвэл одоогоор нүүрсний цахим арилжаа нь харьцангуй тогтворжиж зарим компаниуд 7 хоногийн тогтмол өдөр арилжаа хийж байна. Үүнээс шалтгаалж манай улсын нүүрсийг худалдан авагч талуудын оролцоо нэмэгдэж, нүүрсний үнийг өсгөж байгаа талаар холбогдох албаны зүгээс тайлбарлаж байна.

  • Манай улс  2023 оны 1-р сараас эхлэн хөрөнгийн биржээр нүүрсийг цахимаар арилжаалж байна. Одоогоор нийтдээ 17 удаагийн цахим арилжаагаар 826 орчим мянган тн нүүрс борлуулаад байна.
  • Нүүрсний цахим арилжаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК, “Тавантолгой” ХК худалдагч талуудаар оролцож байгаа бол худалдан авагчаар Хятад улс, Хонконг, Сингапур зэрэг улс оролцож байгаа юм байна.
  • Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 416.000 тн, “Энержи Ресурс” ХХК нь 173.000 тн, “Тавантолгой” ХК нь 237.000 тн нүүрс арилжаалсан байна.
  • Нүүрсний цахим дуудлага арилжааны доод үнэ нь анх дуудсан үнээсээ 15 тэрбум гаруй төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Харин арилжаалсан нийт 826.000 тн нүүрс нь 458 тэрбум гаруй төгрөгт хүрчээ.

Нэн түрүүнд экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журамд өнгөрөгч 3-р сард өөрчлөлт оруулж зөвхөн Гашуунсухайтын боомтоор бус өөр боомтуудаар дамжуулан нүүрс борлуулах боломжтой болсон байна. Ингэснээр зөвхөн “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, “Тавантолгой” гэх гурван компани бус уул уурхайн бүтээгдэхүүн экспортолдог бусад компаниуд биржээр дамжуулан нүүрсээ борлуулах боломжтой болж байгаа юм.

Цахим арилжаа эхэлснээс хойш зөвхөн коксжих нүүрс бус эрчим хүчний нүүрсийг борлуулж байгаа бөгөөд тухайн нүүрсийг авч буй ААН тооцоогоо ямар валютаар хийх сонирхолтой байгаагаас хамаарч юань, ам.доллароор төлбөр тооцоогоо хийж байна. Тэгвэл манай улсын нүүрсний экспортын хамгийн том зах зээл бол БНХАУ юм. Үүнтэй холбоотойгоор Монголын хөрөнгийн биржтэй гэрээ байгуулсан компаниудын жагсаалтыг харвал тус улсын компаниуд зонхилж байна. Түүнчлэн нүүрсний цахим арилжаа тогтворжин, экспортолж буй нүүрсний төрөл ихэсвэл зөвхөн Хятад улс гэлтгүй бусад улс оронтой нүүрсний худалдаа хийх боломж бүрдэж байгаа юм. Цаашлаад нүүрсний арилжаа нь өрсөлдөөнт зарчмаар явж байгаа учир үнэ нэмэгдэж, эдийн засагт үзүүлэх нөлөө нь илүү сайжрах юм байна.

Цахим дуудлага худалдааг хийж эхэлснээс хойш оролцогч талуудын санал хүсэлтэд үндэслэн сайжруулах шаардлага тулгарч байгааг холбогдох албаны зүгээс тайлбарлаж байна. Тухайлбал, нүүрсний үнэ өөрчлөгдсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах, дуудлага арилжаанд орох нүүрсний дээд хэмжээ зэрэг асуудлыг тухайн цаг үед нь холбогдох зохицуулалтыг хийнэ.