Үхрийн гуяны цул мах нэг килограмм нь 18500 төгрөгийн үнэтэй байна

2022 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр манай улс 70 гаруй сая толгой мал тоологдсон байна. Энэ нь дотоодын хэрэгцээг боломжийн хэмжээнд хангах нөөц хэдий ч иргэд нэг килограмм махыг 13-19 мянган төгрөгөөр буюу хэт өндөр үнээр худалдан авч байна. Махны үнэ өссөн байгаа нь улирлаас хамаарч нийлүүлэлт багассан, мөн нөөцийн махны үнийг өндрөөр тогтоосонтой холбоотой гэж худалдаа эрхлэгчдийн зүгээс мэдээлж байна.  

Хүнсний бүтээгдэхүүнийг хамгийн хямд үнээр худалдан авах боломжтой хүнсний захуудад мах төрлөөсөө хамааран нэг килограмм нь 13-19 мянган төгрөгийн үнэтэй байна. Тэгвэл иргэдийн зүгээс нөөцийн мах худалдаанд гарсан ч үнэ нэмэгдсэн, чанаргүй байгаа зэрэг нь худалдан авалтад нөлөөлж байгааг мэдээлж байна. Үүнээс шалтгаалан мах худалдан авах иргэдийн тоо буурчээ.

Хүчит шонхор  захад махны нийлүүлэлт сайн үед өдөрт дунджаар 50 орчим тонн мах худалдаалагддаг байна. Харин өнөөдрийн байдлаар нийлүүлэлт муу байгаа тул 20-30 тонн мах жижиглэнгээр зарагдаж байна. Цаашид махны нийлүүлэлт ихэссэнээр үнэ буурах боломжтой гэж худалдаачид үзэж байна.