Өнгөрөгч даваа гарагт Цагаан ордны тэргүүн Жо Байден 2024 онд дахин ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байгаа гэдгээ мэдэгдсэн ч шийдвэрээ зарлахад эрт байна хэмээн мэдэгджээ

Өнгөрөгч даваа гарагт Цагаан ордны тэргүүн Жо Байден 2024 онд дахин ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байгаа гэдгээ мэдэгдсэн ч шийдвэрээ зарлахад эрт байна хэмээн мэдэгджээ. Харин Бүгд Найрамдах намын бодлого тодорхойлогчид Нэгдсэн улсын ерөнхийлөгчид өрсөлдөх горилогчоо ирэх сард тодруулахаар зэхэж байгааг хэвлэлүүд мэдээлж байна.

Даваа гарагт Цагаан ордны тэргүүн Жо Байден “NBC” телевизэд өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгчид улиран сонгогдохын төлөө сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байна. Гэхдээ албан ёсны шийдвэрээ зарлахад бэлэн биш буюу эрт байна” хэмээн мэдэгджээ. Өнгөрсөн оны 11-р сард болсон хэвлэлийн бага хурлын үеэр Жо Байден улиран сонгогдохын төлөө өрсөлдөх хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн ч гэр бүлийнхээ шийдвэрийг харгалзан үзнэ гэдгээ онцолж байсан юм. Харин Цагаан ордны тэргүүнд нэр дэвших эрхийг авахын тулд ардчилсан намын дотоод сунгаанд Жо Байдентай өрсөлдөнө гэдгээ вакциныг эсэргүүцэгч Роберт Кеннеди, зохиолч, редактор Марианна Уильямсон нар мэдэгдээд байгаа юм. Ерөнхийдөө Ардчилсан намын нэр хүнд бүхий албан тушаалтнуудын хэн нь ч одоогийн ерөнхийлөгчтэй дотоод сунгаанд өрсөлдөхийг хүсэхгүй байгаа нь дээрх хоёр горилогчдын хувийн мэдээллээс харагдаж байна гэж ажиглагчид үзэж байна. Нам дотор нь хүчтэй өрсөлдөгчгүй байгаа нь Жо Байденд шийдвэр гаргах хугацаа олгож байгаа төдийгүй мөн хугацаанд сонгуулийн кампанит ажлынхаа хандивыг аж ахуйн нэгжүүдээс цуглуулах боломжийг олгож байна.

АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай Ерөнхийлөгч Жо Байден улиран сонгогдсон тохиолдолд 86 насанд нь хоёр дахь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох юм байна.