Дэлхийн эдийн засгийн өсөлт 2022 онд 3.4 хувь байсан бол 2023 онд 2.1 хувь болж саарахаар байна

Өнгөрсөн долоо хоногт Азийн Хөгжлийн банкнаас манай улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг танилцуулсан. Тэгвэл Монголбанкны зүгээс ч мөн 2023 онд Монгол улсын эдийн засаг өсөх хүлээлттэй байгаа гэдгийг тайлбарлаж байна. Энэ нь БНХАУ-ын цар тахлын эсрэг авч байгаа бодлого, экспортын гол түүхий эдийн үнэ болон бусад хүчин зүйлээс шалтгаалж байна. Гэсэн хэдий ч гадаад орчны тогтвортой бус байдлаас шалтгаалж энэ төсөөлөл буурах магадлалтай байгаа юм.

  • Дэлхийн эдийн засгийн өсөлт 2022 онд 3.4 хувь байсан бол 2023 онд 2.1 хувь болж саарахаар байна. Учир нь дэлхийн төв банкуудын мөнгөний хатуу бодлогын нөлөө нь глобал эдийн засагт хүчтэй илрэх төлөвтэй байгаа тул өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэж таамаглаж байгаа юм.
  • Харин Монгол улсын эдийн засгийн өсөлт 2022 онд 4.8 хувь болж сайжирсан бол энэ онд эдийн засаг 4.0 хувиар өсөх төлөвтэй байгааг Монголбанкнаас танилцууллаа. Үүнд уул уурхайн болон уул уурхайн бус салбарын өсөлт нөлөөлж байгаа юм.
  • Тэгвэл эдийн засгийн үзүүлэлт сайжирч экспортын орлого нэмэгдсэнээр өмнөх оны 4 дүгээр улиралд төлбөрийн тэнцэл ашигтай гарсан. Ингэснээр гадаад валютын албан нөөц нэмэгдэж энэ оны 1-р сард 3.6 тэрбум ам.долларт хүрээд байна.
  • Мөн тээвэр, нийлүүлэлтийн доголдол сайжирч байгаатай холбоотойгоор цаашид инфляц үргэлжлэн буурч энэ оны эцэст 8.0 хувьд хүрэх төсөөлөлтэй байна.

Монгол улсын хувьд нүүрсний экспорт сэргэж, хил нөхцөлөөр борлуулж байгаа болон “Century-2” бондыг гадаадын зах зээл дээр арилжаалснаар валютын орох урсгал нэмэгдээд байна. Улмаар гадаад валютын цэвэр урсгал 326 сая ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 947 сая ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. Гэсэн хэдий ч цаашид төсвийн шинжтэй аливаа төрлийн санхүүжилтийг бууруулж, импортын дарамтыг багасгаж, валютын орох урсгалыг дэмжих шаардлагатай байгаа гэдгийг Монголбанкны төлөөллүүдийн зүгээс тайлбарлаж байна.

Мөн импортын барааны инфляцид үзүүлэх шууд болон шууд бус нөлөө саарах хүлээлттэй байна. Тухайлбал, АИ-92 шатахууны үнэ гэрээгээр зохицуулагдах, бусад шатахууны үнэ дэлхийн зах зээлийн үнийн хандлагыг дагаснаар дотоодын шатахууны үнэ буурахаар байгаа юм. Цаашлаад хүнсний инфляц энэ онд гадаад үнэ тогтворжих, тээврийн доголдол арилах зэргээс үүдэн буурахаар байна.

Харин энэ онд дэлхийн эдийн засгийн төсөөлөл саарахаар байна. Үүнд БНХАУ-ын “Тэг-Ковид” бодлого суларсан нь глобал өсөлтөд эерэг нөлөөтэй байгаа хэдий ч дэлхийн томоохон Төв банкуудын мөнгөний хатуу бодлогын нөлөө хүчтэй илрэх төлөвтэй байгаа нь өсөлтөд ийнхүү сөргөөр нөлөөлөхөөр байгаа юм. Тодруулбал, Оху-Украины мөргөлдөөний нөхцөл байдал цаашид даамжирч Дэлхийн Төв банкууд мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлэхээр байна.