Монгол улс 2015 онд НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг батлан хэрэгжүүлж эхэлсэн. Тогтвортой хөгжлийн зорилтод шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах, улс төр дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр тусгасан юм. Тэгвэл “Шийдвэр гаргах түвшинд жендер тэгш байдлыг хангах эрх зүйн шинэчлэл” олон улсын форум уулзалтыг өнөөдөр төрийн ордонд зохион байгууллаа.
Олон улсын судалгаанаас харахад парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх дундаж хувь нь 26.5 байна. Харин манай улсын тухайд 17 хувь байгаа нь энэ чиглэлд томоохон өөрчлөлт хийж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийг улс төрийн шийдвэр гаргах түвшинд оролцох оролцоог хангах шаардлагатай гэж НҮБ-аас үзэж байна.
Түүнчлэн 2024 онд зохиогдох УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд эмэгтэйчүүдийн квотыг 30-40 хувь байхаар тусгасан. Тэгвэл НҮБ-ын зүгээс нийт иргэдийн 51 хувь нь эмэгтэйчүүд байгаа тул парламент дахь эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Дэлхийн банкны судалгаанаас харахад тухайн улсын засгийн газарт эмэгтэй сайд нар олон байдаг улс орнууд авлигын түвшин бага, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо 2 хувиар нэмэгдэхэд авлигын индекс найман хувиар буурсан үзүүлэлт байдаг. Үүнээс үзэхэд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэнээр нийгмийн болон эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд гарах боломжтой гэлээ.
Улс төрд жендэрийн тэгш байдлыг хангана гэдэг нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш бөгөөд харин хөгжлийн бүхий л зорилтдоо амжилт олж, ахиц дэвшилд хүрэхийн эхлэл гэдгийг форумд оролцогчид онцолж байгаа юм.