Өнгөрсөн амралтын өдөр буюу 4-р сарын 8-нд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт гарсан хээрийн түймэр Дорнод аймгийн нутаг дэвсгэрийг хамарч тархсан байна. Мөн 4-р сарын 10-нд Булган, Увс, Сэлэнгэ аймагт ой хээрийн түймэр гарсан байна. Түймрийн голомтод 260 гаруй онцгой байдлын алба хаагч, нутгийн иргэд ажиллан бүрэн хяналтдаа авч чаджээ. Сүхбаатар аймгаас эхлэлтэй хээрийн түймэр нь урьдчилсан байдлаар иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж гарсан нь тогтоогджээ.
Түймэр гарсан аймгуудад өнгөрсөн шөнө салхи, шуурга ихтэй агаарын температур хүйтэн хоносон тул цаг агаарын нөхцөл байдлыг ашиглаж, түймрийн голомтыг хязгаарлах, хумих ажлуудыг зохион байгуулсан талаар онцгой байдлын албанаас мэдээлж байна. Мөн энэ хугацаанд үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг зохион байгуулснаар Халх голын сав нутгаар цас орж, цасан шуурга шуурч хээрийн түймрийг хяналтад бүрэн авч чаджээ.
Ой хээрийн түймэр нь ихэнх тохиолдолд иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалж гардаг. Түймрийн гамшгаас гарсан эд хөрөнгийн хохирлыг тооцоолж, барагдуулж болох ч байгалийн баялаг, ан амьтан, ховор зүйлийн ургамал хэчнээн хэмжээгээр устаж үгүй болсныг нарийн тооцоолж үнэлэх боломжгүй гэдгийг холбогдох албаны төлөөлөл хэлж байна. Мөн 11-ны өдрийн 12 цагийн байдлаар Дорнод аймгаас өгсөн мэдээллээр түймэрт өртсөн айл өрхийн тоог гаргасан ч хэр их хэмжээний хохирол гарсныг бүрэн тооцоолж чадаагүй байна.
Түймэрт өртсөн айл өрхүүдэд сэтгэл санааны болон эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр Дорнод аймгийн эрүүл мэндийн байгууллагаас эмч нарын баг бүрэлдэхүүн ажиллаж эхэлсэн байна. Мөн гал түймрийн утааны улмаас засмал зам дээрх үзэгдэх орчин хязгаарлагдаж авто тээврийн осол гарсан байна дээрх ослын улмаас нэг иргэн нас баржээ.
Хэдийгээр түймрийг бүрэн унтраасан хэдий ч тус аймгуудад гамшгийн нөхцөл байдал хүнд байгаа юм. Өнөөдөр, маргааш зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи шуургатай, түймрийн эрсдэл өндөр хэвээр байгаа тул ой, хээрийн түймэр дахин гарах эрсдэл өндөр байгааг холбогдох байгууллагаас анхааруулж байсан юм.