Өнөөдөр буюу Мягмар гарагт Финланд улс албан ёсоор НАТО-д гишүүнээр элсэх төдийгүй бодлогын хувьд түүхэн өөрчлөлт хийснээ дэлхий дахинд зарлахаар болсныг хэвлэлүүд онцолжээ. Өнөөдөр Бельгийн нийслэл Брюссель хотноо байрлах НАТО-ын төв байранд Финландын Ерөнхийлөгч болон Засгийн газрын гишүүд төрийн далбаагаа мандуулж, гишүүнчлэлийн үнэмлэхээ гардан авна.
Түүнчлэн Өрнөдийн цэргийн эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтонберг “Энэ өдөр бол НАТО болон Финландын хувьд түүхэн өдөр болно” гэдгийг сэтгүүлчдэд мэдэгджээ. Ийнхүү Финланд хамгийн богино буюу нэг жил хүрэхгүй хугацаанд Умард атлантын гэрээний байгууллагад элссэн отгон гишүүн нь болно гэдгийг хэвлэлүүд мэдээлж байна.
Өнгөрсөн онд ОХУ-ын зэвсэгт хүчин хөрш улс руугаа халдан довтолсны дараа финланд, Швед улсууд төвийг сахих уламжлалт бодлогоосоо татгалзсан юм. Улмаар тухайн жилийнхээ 5-р сард НАТО-д элсэх хүсэлт гаргасан. Тэгвэл НАТО-г өргөжүүлэхийн тулд эвслийн бүх гишүүн улсууд хүсэлтийг соёрхон батлах шаардлагатай байдаг. Харин өнгөрсөн долоо хоногт Турк, Унгарын эрх баригчид Финландын хүсэлтэд дэмжлэг үзүүлсэн ч Швед гишүүнчлэлд хориг тавьсаар байна.
Ийнхүү ОХУ-тай хамгийн урт буюу 1300 километр орчим хуурай газраар хиллэдэг Финланд улс НАТО-д элссэн нь В.Путины төлөвлөгөөнд саад учруулна гэдгийг Столтонберг онцолжээ. Учир нь өнгөрсөн онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин НАТО-ын тэлэлтийг хязгаарлах тодорхой зорилготойгоор Украинд халдан довтлох шийдвэр гаргасан юм.