АНУ-ын Нью-Йорк хотын Прокурорын газраас ерөнхийлөгч асан Доналд Трампыг санхүүгийн залилан болон үүнтэй холбоотой 33 хүнд гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн байна

АНУ-ын Нью-Йорк хотын Прокурорын газраас ерөнхийлөгч асан Доналд Трампыг санхүүгийн залилан болон үүнтэй холбоотой 33 хүнд гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн байна. Гэхдээ прокурорууд бусад 33 хүнд гэмт хэргийн талаарх яллах дүгнэлтээ олон нийтэд танилцуулаагүй төдийгүй өнгөрсөн мягмар гарагт Манхеттен Дүүргийн Эрүүгийн шүүхэд түүний гэмт буруутай эсэхийг дэнслэх анхны шүүх хурал болсон юм.

Эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон АНУ-ын анхны ерөнхийлөгч Доналд Трамп одоогоос 10 гаруй жилийн өмнө насанд хүрэгчдийн кино жүжигчинтэй янаг амрагийн харилцаатай байсан нь ил болсон юм. Харин 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Доналд Трамп тус жүжигчинд их хэмжээний бэлэн мөнгө өгсөн бөгөөд сурталчилгааны кампанит ажилдаа саад учруулахгүйн тулд ийм арга хэрэглэсэн гэж ажиглагчид үзэж байгаа юм. Харин Доналд Трамп их хэмжээний бэлэн мөнгөний гүйлгээгээ орлого, зарлагын мэдүүлэгтээ тайлагнахдаа бизнесийн зардал гэж тусгасан нь Нью-Йорк хотод эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог байна. Түүнчлэн прокурорууд өөр 33 хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж Доналд Трампад яллах дүгнэлт үйлдсэн байна. Мөн Нэгдсэн улсын үндсэн хуулийн дагуу прокурорууд хэргийн материалыг олон нийтэд задруулахгүй, танилцуулахгүй байх давуу эрхээ эдэлж, Донал Трампад яллах дүгнэлт үйлдсэн бусад 33 хүнд гэмт хэргийн талаар огт хэвлэлд мэдээлээгүй байна.

Гэхдээ албан бус эх сурвалжуудын мэдээлснээр Доналд Трамп нь өөрийг нь хурцаар шүүмжилсэн сөрөг хэвлэл мэдээллийн хэрэгслийг үгүй хийхийн тулд “барьж аваад дүүжлэх схем”-ийг ашигласан төдийгүй “Playboy”-ийн экс модель Карентай гэр бүлээс гадуурх янаг амрагийн харилцаа үүсгэсэн талаар мэдээллийг задруулахгүйн тулд гэрийн үйлчлэгч, ажилчдадаа их хэмжээний мөнгө төлсөн гэгдэж байна. Цагаан ордны тэргүүн асан Доналд Трамп энэ мэт олон удаагийн үйлдлээ бизнесийн зардал гэж мэдүүлэн залилангийн гэмт хэргүүд үйлдсэн байж болзошгүй байгаа талаар Өрнөдийн хэвлэлүүд мэдээлжээ. Одоо Дүүргийн шүүхээс хэргийн баримт материалуудыг нягтлан шинжилж, таслан сэргийлэх арга хэмжээ авахад дахиад нэлээдгүй хугацаа шаардлагатай гэж хуульчид үзэж байна. Учир нь энэ төрлийн санхүүгийн гэмт хэргүүд нь олон эзэн холбогдогчтой байдаг төдийгүй олон хүмүүсийг гэрчээр шүүх хуралд оролцуулах шаардлагатай байдаг гэжээ.