Н.Ганибал: Нүүрсний гэх хэргийн нээлттэй сонсголыг АТГ улс төрийн нөлөөллөөр хойшлуулж байна

Цар тахлын жилүүдэд хилийн боомтуудаар нэвтрэх ачаа тээврийн урсгал буурч, тээвэрлэлтийн үнэ нэмэгдсэн. Тэгвэл энэхүү асуудлын шалтгааныг тогтоох зорилгоор УИХ-аас тогтоол гаргаж хянан шалгах түр хороог байгуулсан. Үүний хүрээнд нүүрсний гэх хэрэгт нээлттэй сонсголыг зохион байгуулах товтой байсан боловч АТГ-ын саналаар тодорхойгүй хугацаанд хойшлуулсан юм. Тэгвэл хянан шалгах түр хорооны гишүүн АТГ-аас нээлттэй сонсголыг улс төрийн зорилгоор хойшлуулж байна гэж мэдэгдлээ.

“Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” хянан шалгах түр хороог УИХ-аас байгуулсан. Түр хороо мөн нүүрсний гэх хэргийн нээлттэй сонсголыг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулах товтой байсан.  Гэвч АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүс нээлттэй сонсголд оролцох нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах эрсдэлтэй гэж үзсэн бөгөөд хянан шалгах түр хорооны гишүүд үүнд шүүмжлэлтэй хандаж байна.

Түүнчлэн ЭТТ ХК-тай хийсэн оффтэйк 9 гэрээний 7 нь нийтэд ил болсон. Нууцын зэрэглэлтэй байгаа үлдсэн хоёр гэрээг ч мөн олон нийтэд ил болгох ёстой гэж үзэж байна.

Хянан шалгах түр хороо өнгөрсөн есөн сарын хугацаанд шинжээч, хянан шалгагчдыг томилон ажиллуулж, төрийн болон хууль хүчний байгууллагуудаас 20 гаруй мянган хуудас нотлох баримтыг авч, шинжлэн судалсан. Иймд олон нийтэд нээлттэй байдлаар нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол хийх товыг яаралтай батлах шаардлагатай гэсэн юм.