Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас туул голын бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг арьс ширний үйлдвэрүүдийн ойр орчмын хөрс, уснаас дээж авч шинжилгээ хийхэд хром болон цайр зэрэг химийн бодис стандартад заасан хэмжээнээс хэтэрсэн буюу аюултай хэмжээнд хүрсэн үзүүлэлттэй гарсан байна.
Тус яаманд өнгөрсөн онд 340 орчим гомдол мэдээлэл бүртгэгджээ. Эдгээр гомдол мэдээллийн дагуу холбогдох мэргэжилтнүүд арьс ширний үйлдвэрүүдэд төлөвлөгөөт бус шалгалт хийсэн байна. Шалгалтаар 13 аж ахуй нэгжийн ойр орчмын хөрс уснаас дээж авч шинжилгээнд хамруулсан байна.
Мөн шалгалтаар 480 мянган метр куб усыг арьс ширний үйлдвэрүүд ашиглаж байгаа гэсэн тооцооллыг гаргажээ. Цаашид саарал усыг ашиглах технологийг нэвтрүүлэх талаар Хүнс Хөдөө Аж Ахуйн Хөнгөн Үйлдвэрийн яам, усны газар зэрэг холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлсэн байна.