Ираны эрх баригчид ёс суртахууны цагдааг татан буулгасан ч хяналтын камерын тусламжтайгаар эмэгтэйчүүдэд хяналт тавина

Ираны эрх баригчид ил задгай хувцас өмсөж байгаа эмэгтэйчүүдийг олж илрүүлэн, шийтгэх зорилгоор олон нийтийн газар, гудамж талбайд хяналтын камер ихээр суурилуулж эхэлжээ. Мөн Ираны Засгийн газраас тогтоосон албан журмын дагуу хувцаслах дүрмийг зөрчсөн эмэгтэйчүүдийг 6 сараас 5 жил хүртэл хорих ялаар шийтгэж эхэлсэн байна.

Өнгөрсөн оны 9-р сард 22 настай Махса Амини хэмээх бүсгүй үндэсний хувцас хижаб буюу гивлүүрийг хагас зүүж нүүрээ ил гаргасан гэх шалтгаанаар ёс суртахууны цагдаад баривчлагдсан юм. Төд удалгүй тухайн эмэгтэй учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан талаар хуулийн байгууллагаас мэдээлсэн нь Иран улсын иргэдийн уур бухимдлыг бадраасан төдийгүй тус улс даяар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахтай холбоотой эсэргүүцлийн жагсаалыг өрнүүлсэн юм. Эсэргүүцлийн жагсаал өнгөрөгч 2-р сар хүртэл өргөн хүрээг хамран үргэлжилж эцэс сүүлд нь Ираны эрх баригчид хувцаслалтын албан журамд өөрчлөлт оруулах амлалтыг өгч, ёс суртахууны цагдааг татан буулгаснаа мэдэгдсэнээр жагсаалын эрч суларсан байна.

Ираны эрх баригчид энэ сараас эхлэн олон нийтийн газар, гудамж талбайд хяналтын камерыг олноор суурилуулж “Хижаб”-ын хуулийг зөрчиж байгаа эмэгтэйчүүдийг олж тогтоон, илүү далд хэлбэрээр хариуцлага тооцохоор улайрч эхэлснийг хүний эрхийн байгууллагууд шүүмжилж байна.

Гэхдээ Ираны охид, эмэгтэйчүүд зарим шашны хэт үзэлтнүүдийн шүүмжлэл болон заавал хижаб зүүх дүрмийг зөрчсөнийхөө төлөө баривчлагдан хоригдох эрсдэлүүдийг үл тоон худалдааны төв, зоогийн газар, дэлгүүр, гудамжинд гивлүүргүй ил гарсан хэвээр байна. Мөн олон нийтийн цахим сүлжээний хэрэгслүүдээр иран эмэгтэйчүүд гивлүүрээ шатаан, эмэгтэйчүүдийн эрхээс давсан шашны дүрэм журам гэж байх ёсгүй талаар хуваалцаж эхэлжээ.

1979 оны хувьсгалын дараа баталсан заавал дагаж мөрдөх хуулийн дагуу Иран улсад эмэгтэйчүүд үсээ халхалж, урт задгай хувцас өмсөн, биеийн галбираа далдлах үүргийг хүлээсэн. Харин зөрчил гаргасан эмэгтэйчүүдийг олон нийтийн зэмлэл, торгууль, баривчлах зэргээр шийтгэдэг болжээ.