Авлигатай тэмцэх жилийн хүрээнд Засгийн газраас “Шүүр” ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байна. Шүүр ажиллагааны хүрээнд хууль бусаар томилогдсон төрийн албан хаагчдыг чөлөөлөх, тэтгэвэрт гарсан ч давхар төсвөөс цалинждаг албан хаагчдын заримыг нь чөлөөлөхөөр болжээ.
Тэтгэвэрт гарсан ч давхар төсвөөс цалинждаг 6100 гаруй алба хаагчид байгааг өчигдөр Засгийн газраас мэдээллээ. Эдгээр албан хаагчдын цалинд төсвөөс 31 тэрбум төгрөг зарцуулж байна. Эдгээр албан хаагчдыг бүгдийг нь хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй бөгөөд зарим тохиолдол нь боловсон хүчний хүрэлцээгүй байдлаас үүдэж байгаа гэлээ.
Түүнчлэн “Оюу-Толгой” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд хоёр удаа сонгогдон ажилласан Монгол улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Түүнчлэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зэс, металлын группын захирал Х.Бадамсүрэнг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ.