Засгийн газрын өр 31 их наяд төгрөгт хүрээд байгаа бөгөөд нийт гадаад өрийн 25 хувийг эзэлж байна

Төсвийн орлогоо өндөр төсөөлдөг буюу экспортын бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн үнийг төсөвт тавихдаа олон улсын байгууллагуудаас хамгийн өндрөөр таамагласан тоог авах тохиолдол их байдаг. Энэ мэт асуудлаас үүдэж жил бүрийн төсөв алдагдалтай гарч, Засгийн газрын гадаад өр ч нэмэгдсээр байна. Түүнчлэн төсвийн төсөл ил тод, нээлттэй биш, олон нийтийн оролцоо бага байна. Үүнтэй холбоотойгоор Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зэрэг 14 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад байна.

  • Төсвийн тогтвортой байдлын тухай хууль анх 2010 онд батлагдсан байна. Үүнээс хойш 10 гаруй жилийн хугацаанд тус хуульд 13 удаа тодотгол хийсэн бөгөөд тодорхой заалтуудын хэрэгжилтийг удаа дараа хойшлуулсан байдаг.
  • Төсвийн алдагдал сонгуулийн жилүүдэд өсдөг байна. Судалгаанаас харахад 2012, 2016, 2020 онд төсвийн алдагдал илт өссөн үзүүлэлттэй байна.    
  • Тэгвэл төсвийн алдагдал өндөр байх тусам Засгийн газар нэмж өр тавьдаг байна. 2015 оноос хойш Засгийн газрын өр 2 дахин өссөнөөс гадна төсвийн гадуурх зарцуулалт өндөр байна. Тухайлбал, 2021 онд гэхэд л төсвийн гадуурх зарцуулалт 1.3 их наяд төгрөгт хүрчээ.
  • Мөн төсөв тодотгох бүрдээ алдагдлаа нэмж баталж, төсвөө тэлдгээс шалтгаалж Засгийн газрын өр өнөөдрийн байдлаар 31 их наяд төгрөгт хүрээд байна. Энэ нь нийт гадаад өрийн 25 хувийг эзэлж байгаа юм.

Монгол улсын ДНБ-тэй харьцуулахад төсвийн алдагдал нь 2 хувиас илүүгүй байх, Засгийн газрын өр 60 хувиас хэтрэхгүй байх зэргээр улсын төсөвт дүрэм тогтоосон байдаг байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, төсвийн тогтвортой байдлын сан, ирээдүйн өв сан гэх мэт төсвийн зарцуулалт, хяналттай холбоотойгоор хууль эрхзүйн орчныг сайжруулсан хэдий ч энэ нь бодит байдал дээр хэрэгжихгүй байна. Үүнтэй холбоотойгоор төсөвт тодотгол хийдэг, төсвийн зарлага нь орлогоосоо давдаг гэх мэт төсвийн сахилга батгүй, үрэлгэн байдал жил бүр давтагдах үзэгдэл байсаар байна.

Эдийн засаг эмзэг, хэт нэг салбараас хамраалтай манай улсын хувьд төсвөө зөв, үр ашигтай зарцуулах нь чухал. Тэгвэл юуны түрүүнд төсвийн зарцуулалттай холбоотойгоор сонгуулийн системийг ярих ёстой. УИХ-ын 76 гишүүн нь 76 тойргоос сонгогдож эргээд 4 жилийн дараа тухайн тойрогтоо хийсэн ажлаа тайлагнах ёстой байдаг. Гэтэл энэ нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлөхүйц ажил бус тухайн тойрогтоо л мөнгө татах зарчмаар үр ашиггүйгээр төсвийн зарцуулалтыг хийх тохиолдол олон байгаа юм. Тэгвэл төсөвтэй холбоотой хуулийн төслийн үндсэн агуулгад төсвийн ил тод байдал болон хяналтын асуудлыг чухалчлан авч үзэж байна. 

Төсөв бол иргэдээс төвлөрүүлсэн мөнгийг буцаагаад захиран зарцуулах асуудал. Тиймээс тухайн жилийн төсвийг хэлэлцэгдэх үеэс эхлээд батлагдах үе шат бүрд иргэдийн оролцоо маш чухал юм. Энэ талаарх асуудлыг хуулийн нэмэлт өөрчлөлтөд онцлон оруулсан байна. Мөн төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн хязгаарыг заавал дагаж мөрддөг байх, аль нэг төсвийн талаарх хуулийг зөрчсөн эсвэл үр ашиггүй, зориулалтын бус зардлыг гаргасан бол хуулийн хариуцлагыг бий болгох юм байна.

Үүнээс гадна өрийн удирдлагын тухай хуульд өнөөдрийг хүртэл гадаад зээл тусламжтай холбоотой асуудлууд дээр төрийн бодлого байхгүй. Тиймээс өрийн удирдлагын тухай хуульд гадаад зээл, тусламжыг авбал үүнийг юунд зарцуулах ангилалын асуудлыг тусгаж байгаа юм байна.