АНУ-ын холбооны нөөцийн сан эдийн засгийн уналт нүүрлэж болзошгүйг сэрэмжлүүлсний дараа алтны үнэ өсжээ

Өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын холбооны нөөцийн сан эдийн засгийн өсөлтийн голлох үзүүлэлтүүд удааширч эхэлсэн талаар мэдээлсэн байна. Үүнтэй холбогдуулан хөрөнгийн биржүүдийн арилжаа хаагдах үед Нэгдсэн улсын Засгийн газрын бондуудын ханш унасан бол эсрэгээрээ алт, мөнгө зэрэг үнэт металлын ханш өссөнийг Ройтерс агентлаг мэдээлж байна.

Өнгөрсөн сард аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртөг бага зэрэг нэмэгдсэн ч ажилгүйдлийн нөхөн олговор авч байгаа иргэдийн тоо өссөн нь төрийн сангийн өгөөжийг бууруулж, улмаар америк.долларын ханшийг сулруулсан гэж шинжээчид үзэж байна. Татвар бүрдүүлж байгаа аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллах нь Засгийн газрын бондуудын хувьцааг өсгөх далд бөгөөд эерэг нөлөөллийг үзүүлдэг байна. Гэвч халамж хүртэж байгаа иргэдийн тоо нэмэгдэж, хөдөлмөрийн зах зээл тогтворгүй байгаа нь аливаа улсын эдийн засгийн өсөлтийг сааруулдаг байна.

Орос-Украины дайн эхэлснээс хойш АНУ-ын холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ удаа дараалан өсгөсөн нь бондын хувьцааны ханшийг хэвийн түвшинд хадгалж, инфляцын өсөлтийг сааруулсан ч аж ахуйн, нэгж бизнес эрхлэгчдэд мөнгөний хатуу бодлого хүндээр туссан байна. Тухайлбал, бодлогын хүү өссөнөөс хойш гарааны бизнес эрхлэгчид олноороо дампуурч, тогтвортой ажиллаж байсан банк, санхүүгийн байгууллагууд ээлж дараалан үүдээ барьсан талаар хэвлэлүүд мэдээлж байсан юм.

Харин өнгөрөгч пүрэв гарагт холбооны нөөцийн сан дахин бодлогын хүүгээ өсгөх төлөвтэй гэдгээ мэдэгдсэний дараа Нэгдсэн улсын эдийн засгийн тогтворгүй байдалтай холбогдуулан хөрөнгө оруулагчдын мөнгөн урсгал алт руу чиглэснийг ОУ-ын хөрөнгийн биржүүд мэдээлж байна.

Пүрэв гаргийн арилжаа хаагдах үед нэг унц алтны үнэ өмнөх өдрийн үзүүлэлтээс 1.6 хувиар өсөж 2055 америк.долларт хүрсэн байна. Энэ нь 2022 оны 3-р сараас хойших хамгийн өндөр ханш болжээ. Мөн хугацаанд мөнгөний ханш 1.6 хувиар өсөж жилийн дээд цэгтээ хүрсэн буюу унц нь 25 америк.доллар болжээ. Түүнчлэн платинумын ханш 3.7 хувиар өсөж 1052 ам.долларт, палладийн ханш 3.8 хувиар өсөж 1515 америк.долларт хүрсэн байна.