Африк тивийн Гана улсын эрх баригчид Оксфордын их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн хумхаа өвчний эсрэг вакциныг баталсан дэлхийн анхны улс болсноо өнгөрсөн пүрэв гарагт мэдэгджээ. Энэ нь жил бүр хэдэн зуун мянган хүүхдийн амийг авч байгаа халдварт өвчинтэй тэмцэх хамгийн боломжит алхам гэдгийг тус улсын эрх баригчид цохон тэмдэглэжээ.
Хөндлөнгийн шинжээчдийн анхаарлыг татаж байгаа гол асуудал нь Оксфордын эрдэмтэд вакциныхаа эмнэл зүйн туршилтын эцсийн үр дүнгийн талаар олон нийтэд танилцуулаагүй байгаа. Харин Гана улсын эрх баригчид үүнээс өмнө хумхаа өвчний вакцинд зөвшөөрөл олгосон нь ер бусын шийдвэр болсныг шинжээчид онцолж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас вакцины аюулгүй байдал, үр нөлөөг үнэлэх, дүгнэх ажил үргэлжилж байгаа тул Гана улсад хэзээ вакциныг хэрэглээнд нэвтрүүлэх нь тодорхойгүй байна.
Шумуул, арьс салст, цусаар дамжин халдварладаг өвчнөөр дэлхий дахинд жил бүр 600 мянга гаруй хүн амиа алдаж байгаагийн дийлэнх тохиолдол нь Африк тивд бүртгэгдэж байна.
Хумхаа өвчний үүсгэж байгаа шимэгчийн нарийн төвөгтэй бүтэц, эмэнд тэсвэртэй байдал зэргийг харгалзан вакциныг гарган авахад хэдэн арван жилийг зарцуулснаа Оксфордын эрдэмтэд мэдээлжээ.