Мэргэжлийн сэтгүүл зүй нь хэн нэгнээс хараат бус байдлаар иргэдийн мэдэх эрхийг ханган ажиллах үүрэгтэй

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр ирэх 5 дугаар сарын 3-нд тохионо. Энэ өдрийг угтан хэвлэл мэдээллийн салбарынхан болон хүний эрхийн байгууллагууд хамтран үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ хамгаалахаар хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулахаар болсон байна.

Хэвлэлийн хүрээлэнгээс хийгдсэн 2020 оны судалгаагаар Монгол улсад нийт 500 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн дийлэнх нь улс төр, бизнесийн эрх мэдэлтний өмчлөлд байгаа нь тогтоогджээ. Үүний улмаас иргэдийн мэдээлэл авах эрхийг төрөөс хаах олон үйл ажиллагаа явуулж байгааг холбогдох байгууллагуудын төлөөлөл мэдээлж байна.

Хэвлэл мэдээллийн зөвлөлд сүүлийн долоон жилийн хугацаанд 500 гаруй гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Эдгээр гомдол мэдээллийн дийлэнх нь сэтгүүлчид үнэнийг мэдээлэх, хариуцлагатай байх зэрэгт онцгой анхаарах хэрэгтэй гэж дүгнэгджээ. Мөн  Монголын сэтгүүлзүйн салбар маш хүнд байгаа дээр олон нийтийн дунд нэр хүнд нь  унасан гэдгийг салбарынхан мэдээлж байна.

Мэргэжлийн сэтгүүл зүй нь хэн нэгнээс хараат бус байдлаар иргэдийн мэдэх эрхийг ханган ажиллах үүрэгтэй юм. Тиймээс үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нийгмийг бий болгохын тулд хүний эрхийг хамгаалагч байгууллагууд болон хэвлэл мэдээллийн салбарынхан нэгдэн “Ирээдүйн эрхээ бүтээх нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хүний эрхийг хангах хөшүүрэг мөн” уриатай аяныг зохион байгуулахаар төлөвлөжээ.