Нүхэн жорлонгийн асуудлыг шийдэхийн тулд нэгдсэн менежмент, тохирсон технологийн шийдэл хэрэгтэй байна

Стандартын бус модон жорлон нь хөрсний бохирдлыг үүсгэгч гол эх үүсвэрийн нэг гэдгийг олон судалгаанаас харж болно. Мөн хүний эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлж олон төрлийн халдварт өвчнийг үүсгэдэг байна. Улаанбаатар хотод гэхэд л 200 мянга гаруй нүхэн жорлон байдаг. Эдгээр шаардлага хангаагүй нүхэн жорлонг өөрчлөх талаар олон жилийн турш ярьж байгаа ч өнөөг хүртэл шийдэгдээгүй хэвээр байна. Тэгвэл нүхэн жорлонгийн асуудлыг шийдэхийн тулд нэгдсэн менежмент, тохирсон технологийн шийдэл, стандартыг нэвтрүүлэх шаардлагатай байгаа гэдгийг салбарын төлөөллүүд хэлж байна.

Дэлхийн 145 улсын тоо мэдээлэлд үндэслэсэн судалгаагаар нэг жилд 800.000 гаруй хүн нүхэн жорлонгоос үүдэлтэй бохирдсон ус, хөрснөөс үүдэж амь эрсэддэг байна. Тиймээс улс орон бүр стандартын бус нүхэн жорлонгийн асуудлаа шийдэхдээ нэгдсэн менежментээр өөрийн улс орны онцлогтой уялдуулан арга хэмжээг авч ажилсан байдаг. Жишээлбэл, БНХАУ нойтон жорлон буюу эргэлтийн усаар ялгадсаа урсгадаг арга технологийг ашигладаг байна. Харин манай улсын хувьд гэр хорооллын түвшин өндөр, эрс тэс уур амьсгалтай зэрэг шалтгаанаас үүдэж ус бага хэрэглэдэг эсвэл эргэлтийн усыг ашигладаг технологийн шийдэл байх нь илүү тохиромжтой гэж салбарын төлөөллүүд хэлж байна.

Нүхэн жорлонгийн асуудлыг шийдэх хамгийн эхний алхам бол иргэд ялгадас болон хэрэглээнээс гарсан бохир усны байгууламжийг өөр өөр газар байршуулах гэдгийг салбарынхан зөвлөж байна. Өөрөөр хэлбэл, зориулалтын жорлонгийн нэг шийдэл нь бактерийн аргаар ялгадсыг задлах юм. Гэтэл иргэд бохир усаа жорлон руугаа хийж байгаа нь эргээд энэ технологи ажиллахгүй байх нөхцөл байдлыг үүсгэдэг байна. Эдгээрээс харахад нүхэн жорлонг шийдэх янз бүрийн технологи манай улсад нэвтэрсэн байгаа ч яг аль шийдлээр, ямар зохион байгуулалттайгаар ажиллах нь тодорхой бус байгаагаас шалтгаалж өнөөг хүртэл жорлонгийн асуудал шийдэгдэхгүй хэвээр байна.

2020-2024 онд гэр хорооллын нүхэн жорлонг буулгаж эко жорлон байгуулах асуудлыг шийдэхэд нийтдээ 14 тэрбум төгрөгийг төр, хувийн хэвшлийн байгууллагын хүрээнд гадаад дотоодын төсөл хөтөлбөрөөр хийхээр төлөвлөсөн байна. Мөн гол мөрний урсац бүрэлдэх газрын ойролцоох 9443 нүхэн жорлонг эхний ээлжид яаралтай буулгаж арга хэмжээ авах шаардлагатай байна.