Дэлхийн A зэрэглэлийн Каннын кино наадамд “Баавгай болохсон” УСК Монгол улсаас анх удаа албан ёсоор сонгогдлоо
Каннын олон улсын 76 дахь удаагийн Кино наадамд найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” бүтээл албан ёсоор сонгогджээ. Ингэснээр дэлхийн хамгийн нэр хүндтэй уг наадамд Монгол улсаас анх удаа сонгогдож байгаа уран сайхны бүрэн хэмжээний бүтээл болж байгаа юм.

76 жилийн түүхтэй Каннын олон улсын кино наадамд өмнө жилүүдэд богино хэмжээний кино төрөл болон арилжааны хэсэгт Монгол уран бүтээлчид оролцож иржээ. Харин энэ жилийн наадамд сонгогдсон бүтээлүүдийг 4-р сарын 13-нд Каннын кино наадмын албан ёсны цахим хуудсаар шууд дамжуулан зарласан бөгөөд Монгол уран бүтээлчдийн “Баавгай болохсон” уран сайхны кино "Un Certain Regard" төрөлд манай улсаас анх удаа сонгогджээ. 

Найруулагч Пүрэвдашийн Золжаргал “Баавгай болохсон” киноны зохиолыг 2017 оноос бичиж эхлэн, олон улсын залуу найруулагчдад зориулсан сангийн сургалтуудад оролцож байжээ. Зохиолыг 2017 онд болсон “Утааг устгая” гэх жагсаалаас санаа аван бичсэн байна.

Уг кино нь Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг өсвөр насны хүүгийн амьдрал, сайхан ирээдүйн төлөөх тэмцэл, өнөөгийн Улаанбаатар хотын олон бэрхшээлийн нэг болох агаарын бохирдол, боловсролын тэгш бус байдал, хүүхдийн эрхийн асуудлыг хөндөн харуулжээ.

"Un Certain Regard" төрөл нь 1998 оноос хойш Каннын кино наадмын албан ёсны сонгон шалгаруулалтын нэг хэсэг болсон бөгөөд шинээр гарч ирж буй кино найруулагчдын дэлхийн кино зах зээлд танигдах хөшүүрэг болдог гэж үздэг байна.

Баавгай болохсон уран сайхны кино нь пост продакшн буюу Монгол, Франц, Швейцар, Катар гэх 4 улсын хамтын ажиллагаагаар бүтжээ. Гэсэн ч 40 гаруй Монгол уран бүтээлчдийн баг Улаанбаатар хотод киноны зураг авалтыг хийсэн байна. 

Монгол улсын Засгийн газраас 2022 онд гаргасан шийдвэрийн дагуу “Каннын кино наадам”-д Монгол уран бүтээлчид Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцох боломж бүрдсэн. Энэ дагуу Баавгай болохсон киноны ерөнхий зураглаач болон co producer-ийн Канны кино наадамд оролцох зардлыг Соёлын яамнаас бүрэн даахаар болжээ. Уг кино наадам Франц улсад 5-р сарын 16-наас 23-ны хооронд зохион байгуулагдана.