Өнгөрөгч ням гарагт Финланд улсад Европын хамгийн том атомын цахилгаан станц тогтмол үйлдвэрлэлээ эхлүүлжээ

Өнгөрөгч ням гарагт Финланд улсад Европын хамгийн том атомын цахилгаан станц тогтмол үйлдвэрлэлээ эхлүүлжээ. “Olkiluoto 3” хэмээх цөмийн реактор эрчим хүч үйлдвэрлэж эхэлсэн нь ОХУ-ын байгалийн хий, эрчим хүчний нийлүүлэлт тасалдсан энэ хүнд үед бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдалд эерэгээр нөлөөлж байгааг шинжээчид онцолж байна.

Гэхдээ Европ тивд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл нь аюулгүй байдлын үүднээс маргаан дагуулсан хэвээр байгаа юм. Тэгвэл ийнхүү Финланд улсад Европын хамгийн том атомын цахилгаан станц нээлтээ хийж байх үед ХБНГУ-ын эрх баригчид хамгийн сүүлийн гурван цөмийн реакторын үйл ажиллагааг зогсоож байгаагаа ням гарагт мэдэгджээ.

Финланд улс дахь атомын цахилгаан станцыг Францын “Аreva” компани бүтээн байгуулсан бөгөөд уг цөмийн реактор нь тус улсын эрчим хүчний хэрэглээний 30 орчим хувийг хангах боломжтой гэж үзэж байна.

Уг станцын зөвхөн нэг реактор нь гэхэд л цагт 1600 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай гэдгээрээ Европ тивдээ хамгийн томд тооцогдож байна. Түүнчлэн цахилгаан станцыг ирэх 60 жилийн хугацаанд ашиглаж эрчим хүч үйлдвэрлэх боломжтой тул ирээдүйд ногоон үйлдвэрлэл рүү шилжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг Финландын эрх баригчид цохон тэмдэглэжээ.