Өнгөрөгч бямба гарагт буюу 4-р сарын 15-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бразилын ерөнхийлөгч Лула Да Силваг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр хоёр улсын ерөнхийлөгч хамтарсан мэдэгдэл гаргасан бөгөөд Украины дайныг дуусгавар болгох хамгийн боломжит хувилбар нь “Энхийн хэлэлцээр”, харин зуучлагч нь Бээжин гэдгийг мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.
Ши Жиньпин, Лула Да Силва нар хамтарсандаа мэдэгдэлдээ “түрэмгийлэл" эсвэл "дайн" гэсэн үгсийг хэрэглэхээс зайлсхийж, жил гаруйн хугацаанд үргэлжилж байгаа хямралыг шийдвэрлэх цөөн хэдэн саналуудыг хэлэлцсэн байна.
Бразилийн ерөнхийлөгч Лула Да Силва ОХУ-ын эрх баригчдыг зэвсэгт хүчнээ Украинаас гаргах, татан авах талаар мэдэгдэлдээ огт дурдаагүй нь дайны асуудлаарх БНХАУ-ын бодлогыг дэмжиж байгаа илэрхийлсэн явдал болжээ. Өнгөрсөн долоо хоногт Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Бээжин хотноо айлчлах үеэрээ Тайванийн асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үзэх ёстойг олон улсад уриалсан юм. Тэгвэл Бразилын ерөнхийлөгч мөн түүнтэй ижил байр суурьтай байгаа гэдгээ Макроны мэдэгдлээс эш татан мэдэгдсэн байна.
Тэгвэл БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчийн байр суурь нь “Нэг-Хятад” бодлогыг гүнээ хүндэтгэж байгааг нотолсон үйл явдал болсныг сайшаажээ. Түүнчлэн айлчлалын үеэрээ Бразилийн ерөнхийлөгч Украины хямралд шууд утгаараа оролцоогүй улс орнуудаас бүрдсэн энх тайвны бүлэг байгуулах саналаа танилцуулсан байна. Тэрээр энэ тухай Ши Жиньпинтэй яриа өрнүүлсэн бөгөөд үр дүнд хүрэх эсэх нь Украины ерөнхийлөгч В.Зеленськийтэй хэлэлцсэний дараа шийдэгдэнэ гэдгийг цохон тэмдэглэжээ. Өнгөрсөн хугацаанд Бразилын ерөнхийлөгч Лула Да Силва Кремлийн тэргүүн В.Путины дайн эхлүүлэх шийдвэрийг буруутгасан ч НАТО-ын өргөжин тэлэлт нь том гүрний дургүйцлийг дээд цэгт нь хүргэсэн гэдгийг онцолж байсан юм. Тэрээр төвийг сахихын тулд Украинд зэвсэг нийлүүлэхээс татгалзаж, энх тайвныг тогтооход бэлэн гэдгээ ч мэдэгдэж байсан. Нөгөөтээгүүр Оросын бордоо, химийн бүтээгдэхүүнүүд Өмнөд Америкийн Бразил улсын хөдөө аж ахуйн салбарт ихээхэн чухал үүргийг гүйцэтгэдэг тул Лула Да Силва экспортын гол борлуулалтаа алдахгүйн тулд ОХУ-д тал засахаас өөр аргагүй гэж шинжээчид үзэж байна. Мөн АНУ-ын тогтоосон дүрмээр тоглохыг эсэргүүцэж байгаа хятад улсын “Олон туйлт ертөнц”-ийн үзэл суртлыг түгээн дэлгэрүүлэхэд Бразилын үүрэг оролцоо их гэдгийг шинжээчид мөн онцолж байна.