УИХ-аас энэ оны 1,2-р сард “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан. Уг санал асуулгаас иргэдийг төлөөлөх Парламентын ардчиллыг бэхжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт хийгдсэн байна. Тэгвэл үүнээс үүдэн Засгийн газраас Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулж, УИХ-ын нийт гишүүдийн тоог 152 болгон холимог тогтолцоогоор УИХ-ын сонгуулийг зохион байгуулах эсэхэд иргэдээс санал авч эхэлжээ.
2022 оны наймдугаар сард УИХ-аас тогтоол гаргаж Засгийн газарт дараах чиглэлийг өгсөн байдаг. Уг тогтоолд Улсын Их Хурлын гишүүний тоог шинэчлэн тодорхойлох, Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг Монгол улсын Үндсэн Хуулиар баталгаажуулахыг даалгасан. Тэгвэл Засгийн газраас ҮХНӨ-ийн төслийг боловсруулсан бөгөөд дараах өөрчлөлтийг тусгажээ.
Монгол улсын Үндсэн Хуулийн 21-р зүйлийн 1 дэх хэсэг:
- Улсын Их Хурал нэг танхимтай байна. Улсын Их Хурлын гишүүдийн далан зургааг мажоритар, далан зургааг пропорциональ аргаар сонгоно
- Монгол улсын Үндсэн Хуулийг анх батлах үед УИХ-ын гишүүний тоог тухайн үеийн нийт хүн амын тоонд үндэслэн нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөх замаар 76 гишүүнтэй байхаар хуульчилсан. Харин өнөөдөр нэг гишүүн 44.7 мянган иргэнийг төлөөлж, бараг хоёр дахин нэмэгдэж, төлөөлөх чадамж алдагдахад хүрч байна.
- 65.1.Үндсэн Хуулийн Цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг ерөнхийлөгч, гурвыг улсын Дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд Үндсэн Хуулийн Цэцийн гишүүнээр нэгээс илүү удаа дахин томилохыг хориглоно
Энэ заалт батлагдсанаар цэцийн гишүүнээр хэт удаан ажиллахыг хязгаарлах, цэцийн гишүүний хараат бус байдал, хариуцлагыг дээшлүүлэх ач холбогдолтой. Үндсэн Хуулийн шүүхийн шүүгчийг нэгээс илүү удаа дахин томилохыг хориглох нь эрх зүйт төртэй улсуудын сайн туршлага гэж үзэж байна.
- 19.2.намыг Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна гэснийг хасах.
Улс төрийн нам байгуулахад хэт өндөр босго тогтоосон нь иргэний эвлэлдэн нэгдэх, төрийн үйл хэрэгт оролцох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Түүнчлэн өмнө байгуулагдсан намуудад давуу боломжийг олгох нь ардчиллын зарчимд үл нийцнэ гэж үзжээ.
Дээрх байдлаар ҮНХӨ-ийг хийхээр Засгийн газраас боловсруулсан бөгөөд УИХ дахь АН-ын бүлгээс гишүүдийн тоо 152 байх нь хэт өндөр байх магадлалтай гэж үзэж байна.
Харин зарим УИХ-ын гишүүд болоод судлаачдын зүгээс гишүүдийн тоо 152 байснаар иргэдийг төлөөлөх чадвар нэмэгдэх давуу талтай талаар хэллээ.
Харин УИХ олонх МАН-ын зүгээс Засгийн газрын боловсруулсан ҮХНӨ нь 2019 хийсэн нэмэлт өөрчлөлтөөр хийж чадаагүй зарим өөрчлөлтийг тусгасан бөгөөд эдгээр нь хуульд харшлахгүй гэх тайлбарыг өглөө.
УИХ-ын гишүүдийн тоо 152 байх заалт хэлэлцүүлгийг явцад өөрчлөгдөх боломжтой бөгөөд ҮХНӨ-ийн төслийг ирэх зургаадугаар сард УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх магадлалтай байна.