Нийслэлийн хэмжээнд оновчтой байрлалд дунджаар 200 км дугуйн зам байгуулах шаардлагатай байна

Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд дугуйн зам болон унадаг дугуйн эгнээ байхгүй, эсвэл түүгээр явах боломжгүй тохиолдолд авто замын зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно гэж заасан байдаг байна. Харин тээврийн хэрэгслийн жолооч нар уг заалтыг нарийн мэддэггүй тул дугуйгаар зорчигчдод эрсдэл учруулдаг талаар тэд ярьж байна.

Урин дулаан цаг ирж байгаа энэ үед иргэд тээврийн хэрэгслээр зорчиж түгжрэлд цаг хугацаа алдахгүйн тулд унадаг дугуйгаар зорчихыг илүүд үздэг байна. Гэсэн ч манай улсад зориулалтын стандарт зам байхгүй, зам нь хүртээмжгүй зэргээс шалтгаалж эрүүл мэндээрээ хохирч бэртэж гэмтэх тохиолдол их байна

2022 оны нэгдүгээр улиралд мотоцикл, унадаг дугуйгаар зорчсоноос шалтгаалж  нийт 52 осол бүртгэгдсэн бол энэ оны нэгдүгээр улиралд 34 осол Тээврийн Цагдаагийн албанд бүртгэгджээ. Энэ нь зориулалтын стандарт зам байхгүй мөн тээврийн хэрэгслийн жолооч нар замын хөдөлгөөний дүрмийн заалтыг нарийн  мэддэггүй зэргээс шалтгаалсан байна.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 90 орчим км дугуйн зам байна. Эдгээр замуудын дийлэнх нь олон жилийн насжилттай стандартын шаардлага хангахгүй болж элэгдэлд оржээ. Цаашид нийслэлийн хэмжээнд дунджаар 200 км дугуйн замыг оновчтой байрлалд байгуулах шаардлагатай байгаа юм.

Мөн нийслэлээс 2021 онд долоон байршилд дугуйн зам тавих ажил эхэлсэн ч газар чөлөөлөлт, гүйцэтгэгч компанийн тусгай зөвшөөрөл дууссан зэргээс шалтгаалаад  өнөөдрийг хүртэл бүрэн ашиглалтад ороогүй байна.