Иргэд ЭТТ ХК-ийн 18.4 хувийг эзэмшиж байгаа. Анх 2020 онд тус компани 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд олгосон бөгөөд нэг иргэнд 90 гаруй мянган төгрөг оногдож байсан. Тэгвэл 2022 онд ЭТТ компани 4.3 их наяд төгрөгийн ашигтай ажилсан тул 1072 хувьцааны ногдол ашгийг тараах эсэх асуудал иргэдийн дунд яригдаж эхлээд байна. Харин холбогдох албаныхан хувьцааны ногдол ашгийг иргэдэд тарааснаас нүүрс угаах үйлдвэрийн хөрөнгө оруулалтад оруулах нь зүйтэй гэх санал гаргаад байгаа юм.
Хэрэв 1072 хувьцааны ногдол ашгийг тараавал нэг хүнд 100.000 гаруй төгрөг ногдохоор байгаа юм. Үүнд нийтдээ 200 гаруй тэрбум төгрөг зарцуулагдана гэсэн урьдчилсан тооцоо байна. Иргэдийн зүгээс хэлэхдээ урт хугацааны ашгийг харж ЭТТ компанийн угаах, баяжуулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтад хувьцаагаа зарцуулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байна.
1072 хувьцааны ногдол ашгаа тухайн иргэн угаах, баяжуулах үйлдвэрт хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд эргээд хувьцаагаа хэдэн хувиар нэмэгдүүлж авах, хэдий хугацаанд ашгаа хүртэх боломжтой вэ гэх мэт зах зээлийн судалгаатай мэдээлэлд үндэслэн шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг эдийн засагч сануулж байгаа юм. Мөн цаашлаад тухайн иргэн Хөрөнгийн бирж дээр хэдэн хувьцаа эзэмшиж байна, хүчин төгөлдөр хугацаа нь хэзээ вэ, 1072 хувьцааны нийт хуримтлагдсан ногдол ашиг ямар хэмжээтэй байгаа вэ гэх мэт мэдээлэл ил тод биш байна гэсэн юм.
Одоогоор ЭТТ компани дээр нийт 11 төсөл хэрэгжиж байна. Эдгээр төслүүдээс тухайн компанид нэмүү өртөг шингээх, ашгийг нэмэгдүүлэх зорилгоор угаах, баяжуулах үйлдвэрийг барих төсөл хэрэгжиж байгаа. Энэ нь 10 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай бөгөөд 2024 оны 7-р сард ашиглалтад орох юм байна. Хэрэв угаах, баяжуулах үйлдвэр ашиглалтад орвол хил нөхцөлөөр борлуулагдаж түүхий нүүрсний одоогийн үнэ дээр 60-80 ам.доллар нэмэгдэх боломжтой гэж холбогдох албаны зүгээс хэлж байна. Иргэд сүүлийн үед хөрөнгийн зах зээлд оролцох сонирхол нэмэгдэж байгаа хэдий ч энэ талаарх мэдлэг дутмаг байна. Мөн хувьцаа, бонд гэх мэт хөрөнгийн зах зээлийн мэдээллийг холбогдох албаныхан, хөрөнгийн биржүүд нээлттэй ил тод байлгах зайлшгүй шаардлагатай байгаа юм.