АНУ-ын “SpaceX” компанийн зохион бүтээсэн “Starship” пуужин нь сансрын нисгэгчдийг сар, ангараг гарагт хүргэх туршилтын нислэгээ даваа гарагт үйлдэхээр зэхэж байсан ч хоёр хоногоор хойшлогджээ. Даваа гарагт пуужинг хөөргөхөөс хэдхэн минутын өмнө туршилтыг зогсоосон нь техникийн доголдолтой холбоотой гэж “SpaceX” компаниас тайлбарласан байна.
Асар том пуужинг Техас муж дахь “Starbase” сансрын буудлаас хөөргөх товтой байсан юм. Туршилтын төлөвлөгөөний дагуу “Starship” пуужинг сансарт хөөргөөд 90 минутын дараа эргэн газардах ёстой байжээ.
Улмаар 2025 онд АНУ-ын сансар судлалын “NASA” агентлаг уг хөлгөөр сансрын нисгэгчдийг сар болон Ангараг гараг руу хүргэхээр төлөвлөж байгаа юм.
Энэхүү пуужинд өмнө нь бүрэн туршигдаагүй олон зуун эд ангиудыг багтаасан нь туршилтыг амжилтгүй болгож магадгүй талаар “SpaceX” компанийн үүсгэн байгуулагч Илон Маск мэдэгдэж байсан юм.
Starship пуужин 120 метрийн урттай, хүн болон ачаа тээвэрлэх зориулалттай хэсэг нь 50 орчим метрээр хэмжигдэж байна. Харин үлдсэн 70 орчим метр хэсэг нь хөлгийг дэлхийн татах хүчнээс гаргах Super Heavy технологийг тээж байгаа талаар мэргэжилтнүүд тайлбарлажээ.