Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 145.267 оюутан их, дээд сургууль, коллежид суралцаж байна. Оюутан залуус их дээд сургууль төгссөн ч дийлэнх нь мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа бол коллеж төгссөн оюутнууд мэргэжлээрээ ажиллах боломж нөхцөл илүү байна. Монгол улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд 69 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагийн 47.8 хувь нь их сургууль, 50.7 хувь нь дээд сургууль, 1.4 хувь нь коллеж байна. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 30 гаруй мянган оюутан дээд боловсрол эзэмшин төгссөн бол хөдөлмөр эрхлэлтийг мөшгөх судалгаагаар эдгээр оюутнуудын тал нь буюу 50 орчим хувь нь ажлын байртай байна гэсэн судалгаа гарчээ.
Тэгвэл залууст ерөнхий боловсролын сургуульд суралцаж байх хугацаанд нь мэргэжил сонголтод нөлөөлөх сургалт судалгааны ажлуудыг зохион байгуулах тал дээр анхаарах шаардлагатай байдаг байна.
Засгийн газрын тогтоолоор тэргүүлэх мэргэжлийг тодорхойлдог бол нийтэд эрэлттэй мэргэжлийг боловсрол шинжлэх ухааны яамны шийдвэрээр тодорхойлдог байна. Энэ онд 83 чиглэлээр тэргүүлэх зэргийн мэргэжлийг гаргасан байна. Эдгээрийн дийлэнхийг техник технологи, байгалийн ухааны мэргэжил эзэлж байгаа юм. Мөн улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын болон, дунд сургуулийн багш, эмч сувилагч зэрэг мэргэжлүүдээр суралцах оюутнуудын тоо багассан байна.
Монгол улсад дунджаар 100 мянган ажилгүй иргэн байгаа бөгөөд тэдний дийлэнх нь их, дээд сургууль төгсөн идэр насны залуус байна. Дээд боловсролтой ч хөдөлмөрийн зах зээл дээр шууд гарч чадахгүй байгаа нь мэргэжил сонголт буруу, тухайн сурсан мэргэжлээр нь ажлын байрны олдоц муу гэсэн үндсэн хэдэн шалтгаан байна. Тиймээс боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүхий л байгууллагууд хоорондын уялдаа холбоог сайжруулж зөв бодлого гарган ажиллах шаардлагатай байгаа юм.