Шүүхийн сахилгын хорооноос гурван шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлжээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо шүүхийн сахилгын хорооны 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Шүүхийн сахилгын хороо 2022 онд нийт 460 гаруй өргөдөл, мэдээллийг хүлээн авч хянан шалгах ажиллагаа явуулж 40 шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Монгол улсын Шүүхийн сахилгын хороо 2022 онд иргэдээс 460 гаруй өргөдөл, гомдлыг хүлээн авч үүнээс 40 шүүгчид нь сахилгын шийтгэл оногдуулсан. Гэвч сахилгын шийтгэл оногдуулсан 40 шүүгчийн 21-ийнх нь шийтгэлийг хэвээр үлдээжээ. Шүүгчдэд оногдуулсан сахилгын шийтгэлийн дийлэнх нь цалингийн 20 хувийг хасах арга хэмжээ авсан бол 3 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлжээ.

Харин УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны зарим гишүүд шүүхээр гэм буруугүй нь тогтоогдоогүй байхад нотлох баримтыг нийгэмд дэлгэж, нийгмийг талцуулсан хойно шүүх хурал болж байгааг шүүмжилж энэ талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тодруулсан юм.

Нээлттэй нийгэм ТББ-аас явуулсан судалгаагаар иргэдийн шүүхэд итгэх итгэл 51 хувьтай гарсан байдаг. Өөрөөр хэлбэл иргэдийн тал хувь нь шүүх байгууллагад итгэдэггүй. Иймд Шүүхийн сахилгын хорооноос шүүгч нарыг чадавхжуулах сургалтад хамруулах, ёс зүйн зөрчил гарсан бол зохих ёсны сахилгын хариуцлагыг оногдуулж байгаа талаараа мэдээлсэн юм.