Орос, Украины дайн 419 дэх өдрөө үргэлжилж байна

Орос, Украины дайн 419 дэх өдрөө үргэлжилж байна. Тэгвэл дайнтай холбоотой сүүлийн үеийн голлох үйл явдлуудыг Ройтерс агентлаг тоймлон мэдээлжээ.

Сүүлийн үеийн мэдээллээр ОХУ-ын хөлсний гэрээт цэргийн Вагнер группийн алба хаагчид Украины Бахмут хотын 75 хувийг эзлэн авсан буюу хяналтдаа оруулаад байна. Харин Украины арми ерөнхийдөө хориглолтын байрлалд шилжсэн бөгөөд Оросын Зэвсэгт хүчнийг Бахмут болон газар нутгийнхаа төв хэсэгт нэвтрэхээс хамгаалж байгаа талаар Өрнөдийн хэвлэлүүд мэдээлж байна.

Тэгвэл Вагнер группийн Тэргүүн Евгений Пригожин Украины армийн сөрөг давшилт эхлэхээс өмнө дайныг дуусгавар болгож, өдийг хүртэл эзэлсэн бүс нутгийг Оросын газар нутгийн нэг хэсэг гэж зарлахыг Кремлийн Тэргүүн Владимир Путинд уриалжээ. Түүнчлэн дайн эхлэхэд ОХУ руу шилжин суурьшсан Донецк мужийн иргэдийг одоо Оросын зэвсэгт хүчний хяналтдаа оруулаад байгаа бүс нутагт эргүүлэн авчирч, амьдрах боломж бололцоогоор хангахыг Е.Пригожин мөн уриалсан байна.

Мягмар гарагт Кремлийн Тэргүүн Владимир Путин Украины Херсон мужийн Оросын Зэвсэгт хүчний хяналтад байгаа бүс нутагт айлчилсан байна. Түүнийг Луганск мужид зочилсон гэж хэвлэлүүд мэдээлжээ. Владимир Путин Херсон, Луганск мужуудыг хэдийн ОХУ-ын газар нутагт нэгтгэсэн гэж мэдэгдсэн ч аль алинд нь бүрэн хяналтаа тогтоогоогүй байгаа юм.

Нөгөө талд Украины эрх баригчид Өрнөдийн улсуудад бэлтгэл сургуулилалтад хамрагдсан алба хаагчдаа олон жижиг бригад болгон хувааж, дайны Зүүн Фронтыг бэхлэлтийн байршил болгосныг хэвлэлүүд мэдээлж байна. Шинжээчид Украины арми сөрөг давшилтаа эхлүүлэх бэлтгэлээ базаасан гэж үзэж байгаа ч өдийг хүртэл ямар нэгэн давшилт эхлүүлээгүй хэвээр байна. Украины армийн цөөн тооны анги нэгтгэл Бахмутын ойролцоо хориглолтын байрлалд шилжсэн бол үлдсэн хэсэг Крымын хойг руу ойртож байж болзошгүй байгаа юм байна. Саяхан АНУ-ын тагнуулын мэдээлэл задарснаас хойш Украины эрх баригчид дайны стратеги, төлөвлөгөөнийхөө талаар огт мэдээлэл хийхгүй байгаа төдийгүй Киевийн Тэргүүн В.Зеленський өдөр тутмын видео мэдэгдлээ ч завсарлуулаад байна.  Шинжээчид, судлаачид дайны эцсийн үр дүнг шийдвэрлэх тулаан ирэх сард болно гэж таамаглаж байна.