Дэлхийн банкнаас Монголын эдийн засгийн тойм тайланг танилцууллаа. Өнгөрсөн хугацаанд үнийн өсөлт, инфляц, гадаад тэнцвэргүй байдлаас шалтгаалж Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ сүүлийн 7 жил дэх хамгийн дээд түвшинд хүргэсэн ч энэ нь Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүд, дотоод эрэлт зэргээс үүдэн мөнгөний бодлогын нөлөөг сулруулсан байна. Тиймээс улсын төсвийн үргүй зардлыг багасгаж, нийгмийн халамжийг зорилгот сектор руу чиглүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг тус байгууллагаас анхааруулжээ.
Монгол улсын эдийн засаг 2023 онд 5.2 хувиар өсөх төлөвтэй байгааг Дэлхийн банкнаас танилцуулсан юм. Гэсэн хэдий ч геополитикийн нөхцөл байдал, хөгжингүй орнуудын мөнгөний бодлогын хүү, Засгийн газрын өр төлбөрүүд, нүүрсний экспортын гэрээтэй холбоотой тодорхой бус байдал нь манай улсын эдийн засгийн эерэг төсөөллийг бууруулж болзошгүй байна. Мөн Монгол улсын макро эдийн засгийн хувьд уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай. Тиймээс энэ салбарын ил тод байдал чухал. Тэгвэл биржээр дамжуулан цахимаар нүүрсээ арилжаалж байгаа одоогийн зохицуулалт нь урт хугацаандаа эерэг өөрчлөлт үзүүлнэ гэж Дэлхийн банкны төлөөллүүдийн зүгээс онцлон хэлж байсан юм.
Мөн Монгол улсын эдийн засагт гол сөрөг нөлөөг үзүүлдэг нэг асуудал нь улсын төсвөө үр ашиггүй зарцуулдаг байдал гэж дэлхийн банкнаас тайлбарлаж байна. Тухайлбал, улсын төсвийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байгаа нэг зүйл нь нийгмийн халамжийн асуудал юм. Зорилгот эмзэг бүлэг рүү чиглэсэн халамжийг төсөвт дарамт үүсгэхгүйгээр зарцуулах ёстой ч энэ нь бодит байдал дээр хэрэгжихгүй байна.
Дэлхийн банкнаас гаргасан судалгаанд Монгол улс хэрэгжүүлэх гэж буй томоохон төслүүдийг үр ашиг, ач холбогдлоос нь хамааруулан эрэмбэ, дараатай хэрэгжүүлэх арга хэмжээг авах хэрэгтэй гэсэн юм. Үүнээс гадна эдийн засгийн төрөлжилтийг бодлогоор зайлшгүй дэмжих шаардлагатай байгаа талаар тайландаа онцлон оруулжээ.