Х.Нямбаатар: Тэд өнгөрсөн хугацаанд зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, хохирлоо нэхэмжлэх эрх зүйн үндэс бүрдэж байна

Нийслэлийн Прокурорын газраас улс төрч С.Зоригийн аллагын хэрэгт холбогдуулан иргэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарыг яллагдагчаар татсан тогтоолыг өнөөдөр хүчингүй болголоо. Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарыг яллагдагчаар татсан тогтоолыг хэрэгсэхгүй болгох саналыг Цагдаагийн ерөнхий газраас Прокурорын байгууллагад удаа дараа тавьсны дагуу дээрх  тогтоолыг хүчингүй болгосон байна.

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж байсан Ц.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох яллагдагчаар татах тогтоолыг Цагдаагийн байгууллагаас таван удаа Прокурорын байгууллагад ирүүлж байжээ. Тэгвэл сүүлийн  саналыг үндэслэн яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болголоо.

Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарыг шүүхийн шийдвэрийн дагуу ял эдэлж байхад нь нэр бүхий албан тушаалтнууд эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон учраас уг хэргийг дахин хянаж үзэх саналаа Прокуророос шүүхэд хүргүүлсэн байдаг.

Прокурорын байгууллагын яллах дүгнэлт хүчингүй болсноор тэдний зүгээс өнгөрсөн хугацаанд зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, эрүүдэн шүүсэн үйл ажиллагаанаас үүссэн хохирлыг иргэний хувиар нэхэмжлэх эрхтэй болж байгаа юм. Түүнчлэн 1998 онд үйлдэгдсэн уг хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгах бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг Цагдаагийн байгууллага ахлан ажиллана.