Илон Маск дэлхийн хамгийн хүчирхэг пуужин гэгдэж буй “Starship”-ийг ойрын хугацаанд ахин хөөргөхөө амлажээ

АНУ-ын тэрбумтан Илон Маскийн “SpaceX” компани өөрийн бүтээсэн Starship хэмээх дэлхийн хамгийн хүчирхэг пуужинг анх удаа туршжээ.  Пүрэв гарагт Техас мужийн эргээс пуужингийн анхны туршилтын нислэг хийгдсэн ч пуужин хөөрснийхөө дараа 2 минут 45 секунд дээр удирдлагын багийн хяналтаас гарч, төд удалгүй дэлбэрсэн байна.

Уг үйл явдлын дараа “SpaceX” компанийг эзэмшигч Илон Маск ойрын хугацаанд буюу хоёр сарын дараа дахин уг пуужинг хөөргөх амлалт өгсөн байна. Хэдийгээр туршилт амжилтгүй болсон ч тус пуужинг бүтээсэн инженерүүд даалгавраа амжилттай гүйцэтгэсэн талаар тэрээр хэвлэлд ярьжээ. Хэдийгээр пуужин 3 минут ч хүрэхгүй хугацаанд хөөрсөн ч пуужин нислэгийн талбайг орхисон л бол туршилтыг амжилттай болсонд тооцдог байна. Пуужин хөөргөх зөвшөөрөл олгодог холбооны нисэхийн захиргаа ослын дараах хор хөнөөлд хяналт тавина гэдгээ цохон тэмдэглэжээ.

Хүн төрөлхтнийг 2025 онд сар болон ангараг гараг руу хүргэх “Starship” пуужингийн туршилтыг өнгөрөгч даваа гарагт явуулахаар төлөвлөж байсан ч техникийн саатлын улмаас хойшлуулаад байсан юм.

Хэдэн зуун технологийн дэвшил агуулсан пуужингийн ээлжит туршилт бүрэн утгаараа амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаагаа Илон Маск твиттер хуудастаа жиргэжээ.