Өнгөрсөн долоо хоногт Японы ерөнхий сайд руу гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг шидсэн байж болзошгүй гэж Ройтерс агентлаг мэдээлж байна

Японы ерөнхий сайд Кишида Фүмио руу тэсрэх бөмбөг шидсэн гэгдэж байгаа 24 настай залуу  улс төрч болохыг хүссэн ч насны шалгуурын улмаас Парламентад нэр дэвших эрхээ эдэлж чадаагүй талаар хэвлэлүүд мэдээлж байна. Үүнд уурсаж хорссон тэрээр  өнгөрсөн долоо хоногт Японы ерөнхий сайд руу гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг шидсэн байж болзошгүй гэж Ройтерс агентлаг мэдээлж байна.

Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Японы ерөнхий сайд Кишида Фүмио тус улсын Вакаяма хотод сонгуулийн кампанит ажилд оролцох үеэр сэжигтэн Кимура түүн рүү тэсрэх бөмбөг шидсэн юм. Тэсрэх бөмбөг Кишида Фүмиогийн ойролцоо туссан ч золоор ямар нэгэн гэмтэл авалгүй, аюулгүй газарт хүргэгдсэн байна.

Сэжигтэн Кимураг баривчилж хэрэг нээн мөрдөн байцаалт явуулж эхэлсэн байна. Гэхдээ сэжигтэн цагдаа нарт хэрэг үйлдэх болсон сэдлийн талаар огт мэдээлэл хуваалцаагүй төдийгүй зөвхөн өмгөөлөгчөөр дамжуулан байцаалтад оролцож байгаа талаар дотоодын хэвлэлүүд мэдээлжээ.

Гэхдээ сэжигтэн Кимура Японы сонгуулийн тогтолцооны талаар гомдолтой байгаа талаараа эцэг, эх ойрын хүрээллийн хүмүүстээ ярьж байсан нь түүний хэрэг үйлдэх болсон гол шалтгаан гэж ажиглагчид үзэж байна. Түүнчлэн Кимура нь өнгөрсөн оны 6-р сард орон нутгийн төлөөлөгчийн сонгуульд болон Парламентын дээд танхимын сонгуульд өрсөлдөх хүсэлт гаргасан ч  Японы сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигч нь 30 болон түүнээс дээш настай байх ёстой гэх шалгуурт тэрээр тэнцээгүй байна.

Япон улсад галт зэвсэгтэй холбоотой хүчирхийллийн гэмт хэрэг ховор бүртгэгддэг байна. Зэвсгийн хяналтын хатуу хуультай тус улсад жил бүр буутай холбоотой хуруу дарам цөөн гэмт хэрэг гардаг бөгөөд тэдний дийлэнх нь гэмт бүлэглэлүүдтэй холбоотой байдаг талаар хэвлэлүүд мэдээлж байна. Гэвч сүүлийн жилүүдэд Японы цагдаа нар “Ганц эзэн холбогдогчтой” галт зэвсэг ашиглан үйлдэгдэж байгаа гэмт хэрэг ихээр бүртгэгдэх болсонд болгоомжлонгуй хандаж байгаа талаараа Өрнөдийн хэвлэлд ярьжээ. Өнгөрсөн онд Японы улс төрч Шинзо Абэ Дээд танхимын сонгууль болохоос хоёрхон хоногийн өмнө сонгуулийн сурталчилгааны арга хэмжээний үеэр буудуулж амиа алдсан юм.

Тэгвэл Кишида Фүмио руу тэсрэх бөмбөг шидсэн сэжигтэн Кимура сонгуулийн тухай хууль нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байгаад уурлаж хорсон хэргийг үйлдсэн байж болзошгүй байна.