Өнгөрөгч лхагва гарагт АНУ-ын Флорида мужийн хууль тогтоогчид 12 болон түүнээс доош насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд цаазаар авах ял оноохыг хуулийн дагуу зөвшөөрлөө. Флорида мужийн Сенатын танхимын гишүүдийн дийлэнх олонх уг хуулийн төслийг дэмжсэн байна.
Харин одоо Флорида мужийн захирагч, нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр зэхэж байгаа Рон Десантис хуулийн төсөлд гарын үсэг зурж баталгаажуулснаар хууль албан ёсоор хүчин төгөлдөр мөрдөгдөх юм байна.
2008 онд АНУ-ын Дээд шүүх хүчингийн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтнүүдэд, тэр дундаа бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдэд цаазаар авах ял оногдуулахыг хориглох шийдвэр гаргасан юм. Гэвч лхагва гарагт Флорида мужийн хууль тогтоогчид уг шийдвэрийг үл хэрэгсэн хуулийн төслийг баталсан нь Дээд шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцох эсвэл нэгдсэн улсын хууль тогтоох дээд шатны байгууллагын шийдвэрийг дагаж мөрдөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
“Энэ төрлийн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэж байхгүй төдийгүй хохирогчийн аюулгүй байдал бүрэн хангагдах хүртэл хэрэгтнийг шүүж, шийтгэлийг нь ногдуулна” гэж хуулийн төслийг хэлэлцэн баталсан Флорида мужийн хууль тогтоогчид мэдэгджээ. Мөн мужийн хууль тогтоогчид бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн хэргээр цаашид хэн нэгэн цаазаар авхуулахгүй байх гэдэгт бүрэн итгэлтэй байгаа бөгөөд хэрэв хэн нэгэн цаазаар авхуулсан талаар мэдээлэл нийтлэгдвэл, хэргийн ард хөөрхий бяцхан хүүхэд хүчингийн гэмт хэргийн золиос болсныг илэрхийлнэ гэж онцолжээ.
Тэгвэл уг хуулийн төсөлд ОУ-ын судлаачид, шинжээчид өөр өөрсдийн хуваагдмал байр сууриа илэрхийлжээ. Тухайлбал, илүү барууны үзэл баримтлалтай судлаачид “Бага насны хүүхдийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг сэтгэлзүйн хувьд нөхөн сэргээх ямар ч боломжгүй гэдэг нь олон жилийн өмнө судалгаагаар тогтоогдсон бөгөөд цаазаар авах шийтгэл нь АНУ-ын онцгой нөхцөл байдалд тохирсон шийдвэр” гэж үзэж байна. Харин илүү зүүн төвийн үзэлтэй судлаачид “Хэрэг үйлдсэн хүний эрх зүйн орчныг хүндэтгэн үзэх шаардлагатай төдийгүй хүчингийн хэрэгт цаазаар авах ял оноох нь нөгөө талаараа хүн амины гэмт хэргийг өдүүлж болзошгүй” гэж үзэж байгаа юм байна.