Энэтхэг улс 2023 оны дундуур хүн амынхаа тоогоор Хятадыг гүйцэж, дэлхийн хамгийн олон хүн амтай улс болох төлөвтэй байна. Энэ талаар НҮБ-аас лхагва гарагт мэдээлсэн бөгөөд ойролцоогоор ирэх 6-р сард Энэтхэгийн хүн ам 1 тэрбум 428 саяд хүрнэ гэж судлаачид үзэж байна.
Энэ нь Хятад улсын хүн амаас бараг 3 саяар илүү байна. Мөн Энэтхэгийн хөдөлмөрийн насны иргэдийн тоо Хятад улстай харьцуулахад харьцангуй өндөр байгаа нь цаашид тус улсын хүн амын өсөлт эрчимтэй үргэлжлэх төлөвтэй байгаа гэж НҮБ-аас цохон тэмдэглэжээ. 2023 оны байдлаар Энэтхэгт идэвхтэй хөдөлмөрийн насны хүн амын тоо 260 саяд хүрсэн нь тус улсын эдийн засгийн өсөлтийг хангах бүрэн боломжтойг мөн шинжээчид онцолж байна.
Энэтхэгийн хүн амын өсөлтийг даган зах зээл нь тэлж, гадаадын хөрөнгө оруулалт мөн нэмэгдэж эхэлснийг НҮБ-аас дурджээ. Саяхан АНУ-ын технологийн “Apple” болон бусад үндэстэн дамнасан компаниуд Хятад улсаас үйлдвэрүүдээ нүүлгэж, Энэтхэг рүү шилжүүлж эхэлсэн юм. Учир нь Хятад улсад идэвхтэй хөдөлмөрийн насны иргэдийн тоо цөөрч, үүнийг дагаад хөдөлмөрийн хөлсний хэмжээ нэмэгдсэн нь зардлыг нь өсгөж байгаа гэж аж ахуйн нэгжүүд үзэж байна. Үүнтэй холбогдуулан дийлэнх томоохон үндэстэн дамнасан компаниуд Энэтхэгийг үйлдвэрлэлийн боломжит төв болгохоор зэхэж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Мөн хугацаанд АНУ-ын хүн амын тоо 340 саяд хүрч, дэлхийн улс орнуудаас 3-р байрт эрэмбэлэгдсэн хэвээр байна гэжээ.