Хөгжлийн банктай холбоотой 84 иргэн, хуулийн этгээдэд хамаарах шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилсэн байна

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн нийт зээлийн асуудалд нотлох баримтыг шинжлэн судлах, хянан шалгах түр хороо гурван үе шаттайгаар нээлттэй сонсгол зохион байгуулсан. Хөгжлийн банкнаас нийт 7 их наяд төгрөгийн зээл олгосон бөгөөд үүнээс 1.5 их наяд төгрөг нь чанаргүй зээл болсон байна. Нийт зээлийн 74 хувийн зарцуулалт зориулалт бүрэн бус буюу зээлийн тодорхой хэсгийг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг зөрчлийг хянан шалгах түр хорооны шинжээчид илрүүлжээ.

Хөгжлийн банкнаас олгосон зээлийн эргэн төлөлт, үр дүнд нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн зохион байгуулсан бөгөөд дөрөвдүгээр сарын 20-ны өдөр УИХ-ын Чуулганы нэгдсэн танхимд хянан шалгах түр хороо үр дүнгээ танилцууллаа.

Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хувьд 18.3 хувь нь зориулалтын дагуу зарцуулалтыг хийсэн харин 74.2 хувь нь зориулалт бүрэн бус буюу зээлийн тодорхой хэсгийг гэрээнд заасны дагуу ашиглаагүй, 7.4 хувь нь зориулалт бусаар ашигласан, 0.3 хувь нь нягтлах боломжгүй

Хөгжлийн банкнаас Арилжааны банкаар дамжуулан олгосон 3000 төсөл хөтөлбөрт хяналт шалгалт хийсэн. Эдгээр 3000 гаруй төсөл хөтөлбөрийн 2500 нь  хуулийн этгээд байгаа юм. Эдгээр нь Хөгжлийн банкнаас олгосон зээлийн 20 хувь буюу 1.5 их наяд төгрөг бөгөөд зээлдэгчдийн 133 нь улс төрийн хамааралтай хүмүүс байжээ.

УИХ-ын хянан шалгах түр хороо 2022 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн хооронд нийтдээ 1.08 их наяд төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна.

Хөгжлийн банканд 2011 оноос хойш ажиллаж байсан гүйцэтгэх удирдлага мөнгөн хөрөнгийн зохистой удирдлагыг хэрэгжүүлээгүйгээс үүдэж тухайн үеийн зах зээлийн хүүгийн хэмжээгээр харьцуулан тооцоолоход 120 гаруй тэрбум төгрөгийн алдагдсан боломжийн зардал үүссэн байна.

Нөхцөл байдал нэгэнт ийм болсон бөгөөд цаашид энэ хэвээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлбэл Хөгжлийн банк дампуурлаа зарлах магадлалтай гэж үзэж байна.

Хөгжлийн банк үүсгэн байгуулагдсан цаг хугацаанаас хойш дээрх төсөл хөтөлбөрүүд Хөгжлийн банкны тухай хуулийн дагуу явсан бол улсын хөгжилд чухал нөлөөтэй байх байсныг УИХ-ын гишүүд онцолж байна. Харамсалтай нь зээлдэгчид зээлээ зориулалтын бусаар зарцуулснаас гадна улс төрчид болон мэдээлэлд ойр хүмүүс илүүтэй зээл авсан асуудал ил болсон юм.

Ийнхүү багагүй хугацаанд үйл ажиллагаа явуулсан, Хөгжлийн банканд үүссэн нөхцөл байдлыг хянан шалгах түр хороо татан буугдлаа. Харин үргэлжлүүлэн Хөгжлийн банктай холбоотой 84 иргэн, хуулийн этгээдэд хамаарах гэм буруугийн шүүх хурал тав дахь өдрөө болсон байна.