Дижитал шилжилт хийснээр ордын нөөцийг тодорхойлох хугацаа 1 сар биш 30 минут болно

Монгол улсын тэргүүлэх салбар болох уул уурхайн салбарт эрдэс баялгийн ордын хайгуул хийх, нөөцийг тооцох, олборлолт явуулах зэргээр цаг хугацаа ихээр алддаг бөгөөд цаашлаад экспортын хэмжээ ч багасах асуудал үүсдэг байна. Тэгвэл хиймэл оюун ухаанд суурилсан шинэ технологийг тус салбарт нэвтрүүлэх нь богино хугацаанд уул уурхайн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах, хөрөнгө оруулалт татах боломж байгаа талаар салбарын төлөөллүүд хэлэлцэж, санал солилцжээ.

Монгол улсын хувьд хиймэл оюун ухаанд суурилсан технологийн шийдлийг салбар бүрд нэвтрүүлж үр ашигтай, оновчтой ажиллах жишээ олон байна. Тэгвэл эдийн засгийн голлох салбар болох уул уурхайн салбарт хиймэл оюун ухаан болон машин сургалтын алгоритмд суурилсан бүтээгдэхүүнийг нэвтрүүлснээр уурхайн ордын нөөцийг богино хугацаанд илрүүлэн тооцоолох боломж байгаа юм. Цаашлаад монгол улсад шинээр илэрч байгаа ордын нөөцийг өндөр нарийвчлалтай гаргах нь олон улсын зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүнээ таниулах, IPO  гаргах, хөрөнгө оруулагчдыг татах боломжтой талаар уул уурхайн салбарынхан хэлж байна.

Уул уурхайн салбарт ажилдаг компаниудын зүгээс хэлэхдээ тухайн ордоосоо шалтгаалаад нөөцийн хэмжээг тодорхойлохдоо хамгийн багадаа гэхэд л 1 сар цаашлаад 2-3 жил хүртэлх хугацааг зарцуулдаг байна. Тэгвэл хиймэл оюун ухаанд суурилсан программ хангамжийг ашигласнаар 20-30 минутыг зарцуулан өндөр нарийвчлалтайгаар нөөцийг тодорхойлох боломжтой юм байна. Тиймээс уул уурхайн салбарын дижитал шилжилт нь ордыг илрүүлэхээс эхлээд олборлолтын бүхий л үйл явцыг хялбаршуулж, цаг хугацааг хэмнэх тул зайлшгүй тус салбарт хэрэгжүүлэх ёстой ажил гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлаж байсан юм. 

Австрали улс нь уул уурхайн чиглэлээр тэргүүлэх улсын нэг. Тэгвэл энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургууль болох ШУТИС болон Герман Монголын хамтарсан технологийн сургуульд Австрали улсаас 1.6 сая Австрали долларын өртөг бүхий уул уурхайн төлөвлөлтийн программыг буцалтгүй тусламжаар өгч байгаа юм байна.

Хиймэл оюун ухаанд суурилсан технологийн шийдлийг нэвтрүүлэх нь эхний хөрөнгө оруулалтын зардал өндөр байхаар байгаа. Гэсэн хэдий ч уул уурхайн компаниуд нь хөрөнгө оруулалтын зардлаа 4-10 жилийн хугацаанд нөхөх боломжтой гэсэн судалгаа гарчээ. Мөн хиймэл оюун ухаанд суурилсан программ хангамжийг түрээслэх, ашиглах боломжтой байдаг нь хамгийн том давуу талыг бий болгодог талаар тус салбарын  мэргэжилтнүүд хэлж байсан юм.