Африк тивийн Кени улсад “Өлсөж үхвэл диваажинд очно” гэдэгт итгэдэг Христийн шашныг дагагчидтай холбоотой хуулийн байгууллагын хяналт шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Цагдаа нар өнгөрөгч долоо хоногт Кени улсын Килифи мужийн ойгоос 21 хүний цогцос олж илрүүлжээ.
Тэгвэл ням гарагт дахин 26 хүний цогцос илрүүлсэн байна. Түүнчлэн шашны гаж номлол баримтлагч 15 хүнийг мацаг барих зан үйл үйлдэж байх үед нь зогсоож, эмнэлэгт хүргэсэн талаараа хуулийн байгууллагаас мэдээлжээ.
Харин дагагчдадаа мацаг барих зан үйлийг сурталчилсан сүмийн пасторыг хуулийн байгууллагаас хэрэг нээн баривчилсан байна.
Үүнээс гадна цаашид амиа алдсан хүний тоо нэмэгдэж болзошгүй тул “Сайн мэдээ” хэмээх олон улсын сүмийн үйл ажиллагаатай холбоотой хүмүүсийг эрэн сурвалжилж эхэлжээ. Учир нь Кени улсад Есүстэй уулзахын тулд ууланд гарч, мацаг барьж байж болзошгүй сүсэгтнүүд илэрсээр байгаа юм байна.
Мөн мөрдөн байцаалтын явцад өлсгөлөнгөөс аврагдаж, эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн дунд мэдүүлэг өгөхөөс болон хоол, тэжээл авахаас одоог хүртэл татгалзаж байгаа сүсэгтнүүд байгаа талаар Ройтерс агентлаг мэдээлж байна.
Хүмүүсийг мацаг барихад хүргэсэн сүмийн пастор нь 2019 онд болон өнгөрөгч 3-р сард хоёр ч хүүхдийн амь насыг хохироосон байж болзошгүй хэргээр баривчилсан байна. Гэсэн ч тэр болгонд түүнийг барьцаагаар сулласан бөгөөд дээрх хоёр хэрэг шүүхийн шатандаа шийдвэрлэгдэхгүй удааширсаар байгаа юм байна.