ОХУ-ын ГХЯ-аас ХБНГУ-ын 20 дипломат ажилтныг эх орноосоо албадан гаргахаар болсноо мэдэгдлээ

Өнгөрсөн долоо хоногт Герман улсын ГХЯ-аас ОХУ-ын дипломат ажилтнуудыг эх орноосоо хөөх шийдвэр гаргасантай ижил шийдвэр гаргаснаа Москвагийн тал өчигдөр мэдэгдлээ. Германы элчин сайдын яамны 20 ажилтан ойрын хугацаанд тус улсыг орхин гарах ёстой болсон талаар ОХУ-ын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын нийтэлжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “ОХУ-ын элчин сайдын яамны ажилтнуудыг “Бөөнөөр нь албадан гаргах шийдвэр гаргасантай ижил шийдвэрийг Москва гаргалаа. Германы тал хоёр орны харилцаа холбоог эвдлэх оролдлого хийж байгаад харамсаж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Харин Германы Гадаад хэргийн яамнаас “ОХУ-ын элчин сайдын яамны хүний нөөцийн асуудал тохиролцсон хэмжээнээс давсан бөгөөд өмнө нь уг асуудлаар Москватай хэлэлцсэн” хэмээн цохон тэмдэглэжээ.

Герман нь олон жилийн турш ОХУ-тай ялангуяа эрчим хүчний салбарт эдийн засгийн гүнзгий харилцаатай байсан гэж талууд тодорхойлдог юм. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэрт хүрснээр хоёр улсын эрх баригчид бүхий л салбар дахь хамтын ажиллагааныхаа хүрээг хумьж эхэлсэн.

Тэгвэл өнгөрөгч 1-р сард Германы эрх баригчид Украинд хүнд төрлийн зэвсэг, танк зэргийг илгээх амлалтыг өгснөөр Орос-Германы эдийн засгийн хамтын ажиллагаа бүрмөсөн зогссоныг шинжээчид онцолж байна.

Украины дайн эхлэхээс өмнө Германы эрчим хүчний нийт хэрэгцээний 80 гаруй хувийг ОХУ дангаараа хангадаг байсан юм.