Цахим гэрчилгээг тээврийн хэрэгсэлд суурилуулах ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй байна

Тээврийн хэрэгслийн нэгдсэн хяналтын системийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээний хүрээнд авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг ирэх сарын нэгнээс нэг сая гаруй тээврийн хэрэгсэлд суурилуулна гэж Зам тээврийн хөгжлийн яам болон нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээлсэн. Гэвч одоогийн байдлаар цахим гэрчилгээ худалдан авалтын тендер зарлагдаагүй байгааг холбогдох албаныхан хэлж байна.

Түгжрэлийг бууруулахаар хэрэгжүүлж буй төслийн хүрээнд авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулах ажил хийгдэхээр болсон юм. Өнөөдрийн байдлаар 600 орчим нийтийн тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг туршилтаар суурилуулаад эхэлсэн байна. Харин цаашид хувь иргэдийн авто тээврийн хэрэгсэлд уг гэрчилгээг суурилуулахаар төлөвлөж байсан. Тэгвэл холбогдох албанаас энэхүү ажлыг ирэх тав дугаар сарын нэгнээс хэрэгжүүлж эхэлнэ гэх мэдээллийг өгч байсан боловч цахим гэрчилгээ худалдан авалтын асуудал удааширсан тул тодорхойгүй хугацаагаар хойшлогдохоор болжээ.

Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суулгаснаар татвар, оношилгоо, алдагдсан тээврийн хэрэгслийг илрүүлэх зэрэг зөрчлүүдийг илрүүлэх тээврийн хэрэгсэлтэй холбоотой нэгдсэн тайлан дүн мэдээг нэгтгэх зэрэг хяналт тавих боломжтой болох юм. Гэвч цахим гэрчилгээний талаар иргэдэд мэдээлэл хомс хүрч байна.

Ажлын хэсгийн хүрээнд тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэг сая гаруй тээврийн хэрэгсэлд суурилуулах бөгөөд уг төсөлд нийтдээ 18 тэрбум төгрөг төсөвлөсөн юм. Эхний ээлжид засварын төв болон худалдааны төв зэрэг 100 орчим цэгт цахим гэрчилгээ үнэгүй тараагдах юм байна.