Энэ оныг дуустал иргэдийн 50 орчим хувийг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулахаар төлөвлөжээ

Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд өнөөдрийн байдлаар  980 орчим мянга буюу нийт иргэдийн 30 орчим хувь нь хамрагдаад байна. Тэгвэл тэдгээрээс 500 мянга орчим нь ямар нэг төрлийн өвчлөлтэй болох нь үзлэг оношилгоогоор тогтоогджээ. Эрүүл мэндийн яамнаас энэ оныг дуустал иргэдийн 50 орчим хувийг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулахаар төлөвлөсөн байна.

Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг оношилгоо улсын хэмжээнд өнгөрөгч 2022 оны 5-р сараас эхэлсэн. Үзлэг оношилгоонд гучаас доош насны залуусын хамрагдах идэвх муу байгаа нь судалгаанаас ажиглагджээ. Учир нь 30-аас доош насныхан ихэнхдээ эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй байна.

Эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдсан иргэдийн дийлэнх нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг, амны хөндийн эрүүл мэнд, таргалалт зэрэг өвчлөл их илэрчээ. Мөн үзлэг шинжилгээний дүгнэлтээр бага насны хүүхдийн дунд амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах ажил хийгдэхээр төлөвлөгдөж байгаа юм байна. Улсаас нэг удаад бага насны хүүхдийн шүдэнд фторт түрхлэгийг үнэгүй түрхэх ажил ирэх 5-р сарын нэгнээс хийгдэж эхлэхээр болжээ.