АНУ-ын стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix компани ирэх дөрвөн жилийн хугацаанд Өмнөд Солонгост 2.5 тэрбум америк.долларын хөрөнгө оруулах болсноо даваа гарагт мэдэгджээ. Уг хөрөнгө оруулалтыг тус улсын телевизийн цуврал кино болон шоу, контент бүтээхэд зарцуулах юм байна.
Ийнхүү Netflix компанийн удирдлагууд 2016 оноос хойш Өмнөд Солонгосын зах зээлд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээ 2023 оноос хоёр дахин нэмэгдүүлэхээр болжээ.
Өнгөрөгч даваа гарагт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёль Вашингтонд зургаан өдрийн төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очсон байна. Тэрээр айлчлалынхаа эхний өдөр нэгдсэн улсын бизнесийн салбарын төлөөллүүдтэй уулзсан бөгөөд энэ үеэр Netflix компанийн удирдлагууд дээрх мэдэгдлийг хийсэн байна.
Тэгвэл Хөх ордны тэргүүн Юн Сок Ёль уг хөрөнгө оруулалт нь Өмнөд Солонгосын кино,уран бүтээлийн салбарт томоохон хөгжил, шинэчлэлийг авч ирнэ гэдгийг мэдэгдэлдээ онцолсон байна. Мөн тэрээр соёлын экспортыг өргөжүүлж, зөөлөн хүчний бодлогын үр дүнг нэмэгдүүлэх том боломж нээгдсэнийг сайшаажээ.