Хөдөлмөрийн мөлжлөгтэй холбоотой түүхэн маргааны улмаас БНСУ-ын эрх баригчид худалдааны найдвартай түншийн цагаан жагсаалтаасаа Япон улсыг гурван жилийн өмнө түдгэлзүүлсэн байна. Тэгвэл өнгөрөгч даваа гарагт Өмнөд Солонгосын худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны сайд худалдааны давуу эрх олгох жагсаалтдаа Японыг эргэн оруулснаа зарлажээ.
Япон, Өмнөд Солонгосын эрх баригчид олон жил үргэлжилсэн дипломат маргаандаа цэг тавьж худалдаа, аж үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, өргөжүүлэхээр болжээ. Түүнчлэн АНУ, Япон, Өмнөд Солонгос гурван улсын эрх баригчид Умард Солонгосын цөмийн аюул, заналхийллийн эсрэг нэгдэн аюулгүй байдлын гурван талт хамтын ажиллагаагаа чангатгах шийдвэрт мөн хүрээд байгаа юм.
2019 оны 9-р сард Өмнөд Солонгосын эрх баригчид хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдаа, арилжаа хийх цагаан жагсаалтаас” Японыг хассан юм. Дараагаар нь Японы Засгийн газраас Өмнөд Солонгосын техник, технологийн компаниудын хагас дамжуулагч, дэлгэц үйлдвэрлэхэд ашигладаг гол химийн бүтээгдэхүүний экспортын хяналтыг чангатгасан юм. Уг шийдвэртэй холбогдуулан Сөүлийн тал дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргасан бөгөөд сүүлийн хэдэн жил хоёр улсын хооронд худалдааны эргэлтийн тогтвортой байдал алдагдсан гэж шинжээчид үздэг юм.
Тэгвэл Өмнөд Солонгосын худалдааны цагаан жагсаалтын давуу талуудыг мөн шинжээчид онцолж байна. Тухайлбал, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний экспортын зөвшөөрлийг Өмнөд Солонгосын эрх баригчид цагаан жагсаалтад багтаагүй улс орнуудад 10-30 хоногийн дотор олгодог байна. Харин уг жагсаалтад багтсан орнуудад ердөө 5 хоногийн дотор экспортын зөвшөөрөл олгодог төдийгүй импортын болон транзит тээврийн зөвшөөрлийг мөн богино хугацаанд олгохоор журамлагдсан байна. Өмнөд Солонгосын уг жагсаалтад АНУ, Франц тэргүүтэй 29 улс багтдаг байна.
Үүнээс гадна Өмнөд Солонгосын Худалдаа, Аж Үйлдвэр, Эрчим хүчний яамнаас мэдээлснээр цахилгаан бараа, үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи болон бусад 57 төрлийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ, Беларусь руу нийлүүлэх, тээвэрлэхийг хориглож байгаа гэдгээ даваа гарагт мэдэгджээ.