Монгол улсад Бүгд Найрамдах Польш улс Элчин сайдын яамаа нээнэ

Бүгд Найрамдах Польш улсын ерөнхийлөгч Монгол улсад арван жилийн дараа албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд Улаанбаатар хотод Польш улс Элчин сайдын яамаа сэргээн нээхээр болсон байна.

Хоёр улс төрийн тэргүүн 5-10 жилийн давтамжтай харилцан айлчлал хийж байсан. Хамгийн сүүлд 2013 онд БНПУ-ын ерөнхийлөгч Монгол улсад айлчилж байсан бөгөөд энэ удаагийн айлчлал хоёр улсын харилцааны түүхэнд тодоор бичигдэх үйл явдал болж байгааг талууд онцоллоо.

Монгол улсад БНПУ 1960 онд Элчин сайдын яамаа нээж байсан. Үүнээс хойш тодорхой шалтгааны улмаас хоёр удаа Элчин сайдын яамаа хааж байжээ. Харин Улаанбаатар хотод БНПУ-ын ЭСЯ өнөөдөр нээгдэх бөгөөд энэ удаагийн айлчлалын онцлох үйл явдал болж байна.

Түүнчлэн Элчин сайдын яамандаа Консулын хэлтэс ажиллуулахаар болсон бөгөөд 2024 оноос эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Ингэснээр Монгол улсаас БНПУ-д суралцах оюутны тоо нэмэгдэж уламжлалт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд түлхэц болохыг онцоллоо.