Монгол улс нь 1 жилд 1 тэрбум гаруй ам.долларын хүнсийг импортоор худалдан авдаг

Хүнсний хувьсгалын хүрээнд хүнс хөдөө аж ахуйн салбарын 19 чиглэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл импортын барааны гаалийн албан татвараас хөнгөлсөн. Ингэхдээ хүнс хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай шинэ тоног төхөөрөмж байхаас гадна тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шаардлага тавьж байгаа юм байна.

Монгол улс нь 1 жилд 1 тэрбум гаруй ам.долларын хүнсийг импортоор худалдан авдаг. Тэгвэл импортын хамаарлыг бууруулж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ХХАА салбарын 400 гаруй тоног төхөөрөмжид 5 жилийн хугацаанд гаалийн татварын хөнгөлөлт үзүүлэх юм. Тодруулбал, энэ салбарын зарим тоног төхөөрөмжид тухайн онд ногдуулан төлсөн гаалийн албан татварыг дараагийн төсвийн жилийн эхний улиралд татвар төлөгчид буцаан олгохоор хуульчилсан юм. Мөн цаашид үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж дотоодын хэрэгцээгээ хангах зорилгоор импортын зарим барааны гаалийн тарифыг үе шаттай нэмэгдүүлнэ гэж холбогдох албаны зүгээс мэдэгдлээ.

Мөн өмнө нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих зорилгоор жилийн 2.5 тэрбумаас бага орлоготой ААН-үүдэд гаалийн албан татварын хөнгөлөлт үзүүлдэг байсан бол энэ удаад борлуулалтын орлого харгалзахгүйгээр томоохон ХХАА үйлдвэрүүдэд татварын хөнгөлөлт үзүүлж байгаагаараа онцлог юм байна. Үүний үр дүнд дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж, импортын хамаарлыг бууруулна гэж үзэж байгаа байна.

2021 онд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль болон Засгийн газрын 143-р тогтоолоор импортоор оруулж байгаа болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж зэргийн жагсаалтыг баталсан. Энэ хүрээнд 2021 онд 187 аж ахуйн нэгж, иргэн 28.5 сая ам.долларын үнийн дүн бүхий бараанд ногдох 12.5 тэрбум төгрөгийн татварын чөлөөлөлтөд хамрагджээ. Харин өнгөрсөн онд 189 аж ахуйн нэгж, иргэн 44.1 сая ам.долларын үнийн дүн бүхий бараанд ногдох 14.6 тэрбум төгрөгийн татварын чөлөөлөлт эдэлсэн байна. Энэ мэт ХХАА салбарыг бодлогоор дэмжиж, тус салбарын бүтээгдэхүүн үйлдвэрийн хэмжээ өсөх хандлага ажиглагдаж байгаа юм байна.